Урвуу хаанчлал: Ерөөлтэй еэ сургаалаас судлах 8 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөЗагвар

The Upside Down Kingdom: An 8 Day Study Through the Beatitudes

8-с 2 дахь өдөр

Гарз нь олз болсон нь

Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Матай 5:4

ЭХЭЛЦГЭЭЕ

Хайртай хүнийхээ араас гашуудах талаар гүн ухаантан, теологич Николас Вольтерсторф "Хүүгийн төлөөх гашуудал" номдоо: "Зовлон зүдүүр нь хүн болгонд ил тод харагдахын зэрэгцээ нүүр царайгаа нуун дарагдуулдаг... Бидний зарим нь ухаантай, зарим нь баян, зарим нь спортлог, зарим нь гайхширан бишрүүлсэн ч бид хамтдаа зовдог” хэмээн зовлонгийн нийтлэг шинж чанарыг тайлбарласан.

Хүн бүрийн хувьд зовлонгийн хэр хэмжээ нь Бурханы төсөөлшгүй тайтгарлыг олж авах боломжийг олгодог.

ЧИМЭЭГҮЙ ЦАГИЙН УХААРАЛ

Бид гарз хохиролд итгэл, дургүйцэл эсвэл тэвчээрээр хариу үйлдэл үзүүлж болдог. Бид гашуудах явцыг эхлүүлээд, итгэлээр хариу үйлдэл үзүүлэх үедээ Бурханы тайвшралд өөрсдийгөө нээн өгсөн байдаг.

АЖИГЛАЛТ

Христэд итгэгчид олон зууны туршид зовлон зүдүүрийг амьдралын жам ёсны нэг хэсэг гэдгийг мэдэж, хүлээн зөвшөөрөхийг бие биедээ уриалсаар ирсэн. Тэд "Memento mori буюу Үхэх болно гэдгээ санаарай ” гэж хэлсэн. Гэсэн хэдий ч ингэж анзаардаг нь улам бүр ховордсоор байна. "Бидний цөөхөн нь мөнх амьдралын ирмэг дээр амьдарч... үүнийхээ үр дүнд алддаг” гэж Ж.И. Пакер тэмдэглэн үлдээсэн. Өөрийгөө мөнх амьдрахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх нь хүнд туулж буй бүхэн нь үнэ цэнтэй бөгөөд шаардлагатай гэдгийг сануулах зорилготой ажээ.

Бид бусдын зовлон шаналлыг харахгүй, тэд ч бидний зовлонг харахгүйн тулд бусдаас өөрсдийгөө тусгаарлан энэ бодит байдлыг үгүйсгэх гэж оролддог нь харамсалтай. Гэхдээ бусдаас тусгаар байх нь биднийг итгэл, найдвар, хайраас салгаж, баярлан хөөрөх шалтгаангүй мэт болгодог. Бид сэтгэл хөдлөлөө үгүйсгэж, өвдөлтөө намдаахыг хичээсэн ч, амьсгалах хором бүртээ бидний зүрх уй гашууд автсан хэвээр байдаг.

Үүнийг тойрч гарах боломжгүй. Бид энэ эвдэрсэн ертөнцийн хагархай, хадаастай замуудыг туулах тусам зовж шаналж, гашуудах болно. Гэвч арга барсандаа зугтахын оронд бидэнтэй хамт уйлсан, золгүй үхэл хүртэл бидэнтэй адилтгасан, сэтгэлд харанхуй үеүдэд ч бидний төлөө зуучлан залбирагч Нэгэн рүү ойртон очицгооё. Бурхан одоо ч бидэнтэй хамт зовж байна гэдгийн хэсэгхэнийг бид гашуудлаараа дамжуулан ойлгож чадна. Энэхүү бодол гашуудаж буй бүх хүмүүст тайвшруулал болох болтугай.

ХЭРЭГЖҮҮЛЭЛТ

Ихэнхдээ гай гамшгийн тухай айдаст бид автдаг: өвчин эмгэгээс айх, үр хүүхдийнхээ төлөө санаа зовох, ганцаардах, санхүүгийн бэрхшээл, хөгшрөлтийн тухай түгшүүр, эсвэл таагүй дурсамжууд. Товчхондоо, Христ болон Түүний мөнхийн зорилгууд бидний үзэл бодлоос бүдгэрч, бидний анхаарлыг татдаг айдаст автсанаас бид зовж байдаг.

Гэхдээ бид ганцаараа зовдоггүй. Христ бидэнтэй хамт байдаг. Тусламжууд маань бүтэлгүйтэж, тайтгаруулах зүйл юу ч үгүй байсан ч Их Эзэн байсаар байдаг. Одоо бидний зүрхэнд оршдог Түүний бурханлаг оршихуй удахгүй орчлон ертөнцийг дүүргэж, чөтгөрийн сүүдэр бүрийг үүрд ялан дийлэх туяа болно. Тэр өдөр “зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлж” (Малахи 4:2), бүгд шинээр бий болно. “Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.” (Илчлэлт 21:4). Тийм ээ, “Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно.” (Матай 5:4).

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

The Upside Down Kingdom: An 8 Day Study Through the Beatitudes

Ерөөлтэй еэ (Матай 5:2–12) бүлэгт Есүс биднийг ертөнцөөс ангид байж, Түүн дотор үндэслэсэн шинэ мөн чанартайгаар өнөөгийн соёл дунд амьдрахыг уриалсан байдаг. Урвуу хаанчлал нь өнөөгийн бидний соёлын зөрчилдөөнийг мэргэн ухаанаар шалгаж, тэдгээрийн хоорондын хамаарлыг судлан тогтоох юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Crossway-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.crossway.org/