Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, дэлхийд өргөмжлөгдөнө. (Дуулал 46:10)
Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор ХаролдСаллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлэг.
Хэн нэгэн хүн бидэнд “Бурхан надад ийм зүйл хэллээ” гэж хэлэх үед бид тэр хүнийг нэг бол их мундаг сүнслэг хүн байна гэж боддог, эсвэл сэтгэцийн асуудалтай хүн байна гэж боддог шүү дээ. Үнэндээ Бурханы дуу хоолойг цаг үргэлж сонсож байгаа юм шиг санагддаг хүмүүсийн хувьд тэд сэтгэцийн асуудалтай бишээ. Харин тэд шашин шүтлэгтэйгээ холбоотой дуу хоолойг, эсвэл нийгэм соёлын эсвэл энэ дэлхийн дуу хоолойг Бурханы дуу хоолой хэмээн эндүүрч байна гэсэн үг юм. Хуучин Гэрээн дээр бидэнд сонсогддог гурван янзын дуу хоолойн талаар өгүүлсэн байдаг. Эдгээр нь их хотын чимээ шуугиан, шашинлаг байдлын дуу хоолой мөн Бурханы дуу хоолой юм. Энэ тухай Хуучин Гэрээний Исаиа номын 66-р бүлгийн 6-р эшлэл дээр өгүүлсэн байдаг. Энэ хэсэгт Исаиа хотоос гарах их шуугиант дуу, сүмээс гарах дуу чимээ болон Бурханы дуу хоолой гэсэн гурван төрлийн дуу хоолойны тухай өгүүлсэн байна. Эхнийх нь их хотын чимээ шуугиан. Энэ дуу хоолой нь өнөөдрийн бидний амьдралын хэв маягийг илэрхийлдэг. Өнөөдөр бидний амьдрал өдрөөс өдөрт хурдан хэмнэлтэй, чимээ шуугиантай, завгүй үймж бужигнасан байдалтай болсоор байна. Хэвлэл мэдээлэл, медиа, ажлын шахуу хуваарь, ар араасаа үргэлжлэх үйл ажиллагаанууд гээд бидний амьдралд Бурханы намуухан дуу хоолойг сонсоход саад болдог олон олон чимээ шуугианууд дүүрэн байна. Хоёр дахь дуу хоолой бол сүмийн зүгээс гарах чимээ шуугиан байсан. Уг нь эндээс гарах дуу хоолой амар тайван байх ёстой байсан. Гэтэл чимээ шуугианаар дүүрэн байсан. Үүгээрээ Исаиа ёс бус байдалд автсан сүмийн тахилч нарыг зэмлэн буруутгасан байдаг. Өнөөдөр ч бас бид Исаиагийн нэгэн адил сүм чуулган доторх үнэн зөв болон худал хуурмаг хоёрыг ялгаж салгаж хүлээн авч чаддаг байх учиртай юм. Харин гурав дахь дуу хоолой нь Бурханы дуу хоолой байсан. Энэ бол маш тодорхой, үнэний дуу хоолой юм. Исаиа номын сүүлийн хэсэгт Бурхан зовлон шаналлынх нь дунд Өөрийн ард түмнээ тайвшруулж байгаа тухай өгүүлдэг. Энэ бол дэлхийн үймж шуугьсан чимээ шуугианаас үл хамааран бидэнд итгэл найдвар, тайвшралыг тунхагласан намуухан дуу хоолой юм. Гэхдээ энэ нь “бүх зүйл сайхан болно” гэсэн тайвшруулах үгсээр хязгаарлагддаггүй. Харин энэ чимээ шуугиант ертөнц дээр Бурхан Өөрийнхөө ард түмнийг орхилгүй үргэлж хамт байдаг гэдгийг бидэнд илтгэх үнэний үгс ч бас багтдаг. Тиймээс бид өнөөдөр ч Исаиа ном нь дээр бичигдсэнчлэн “Энэ бол зам, үүгээр алхагтун!” гэсэн Бурханы дуу хоолойг сонсож чадна. Гэхдээ бид Бурханы дуу хоолойг сонсох үедээ энэ үнэхээр Бурханы дуу хоолой байна гэдгийг хэрхэн мэдэх вэ? Дараах гурван бодол танд энэ асуултад хариулахад чинь тус болох болно. Үнэндээ энэ нь бидний төсөөлдөг шиг тийм ч хэцүү биш юм.
Нэгдүгээрт, Бурханы дуу хоолой бол намуун зөөлөн байдаг. Бурханы дуу хоолой бидний эргэн тойронд байгаа чимээ шуугиантай өрсөлдөн тэмцэлддэггүй. Тиймээс бид анхааралтай сонсох учиртай. Дуулал ном нь дээр хэлэхдээ “Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд” (Дуулал 46:10) гэсэн байдаг. Энд гарч байгаа “тэмцэлдэхээ больж” гэсэн үгийг өөрөөр “хийж байгаа зүйлээ орхиод” гэж орчуулж болно. Өөрөөр хэлбэл биднийг ядрааж, бидний анхаарлыг сарниулж, биднийг шахалт дарамтад оруулж байгаа бүхнээ орхиод Бурханы үг рүү анхаарлаа хандуулах цагийг гарга гэсэн үг юм. Хоёрдугаарт, Бурханы дуу хоолой үргэлж бидний хуучин махбодын хүсэл тачаалын эсрэг зүйлсийг бидэнд хэлдэг. Мөн үргэлж Бурханы үг болох Библийн дагуух зүйлсийг хэлдэг. Тэр утгаараа бид Бурханы хүслийг дуулгавартай дагахын тулд ихэвчлэн тодорхой төлөөсийг төлөх ёстой болдог гэсэн үг. Бидний гэмт мөн чанараас үүдэлтэй арга замууд нь Бурханы арга замуудтай үргэлж зөрчилдөж байдаг. Тиймээс ч Бурханы өмнө ирээд шударгаар “Эзэн минь, би Таны нарийн замаар алхахыг хүсэж байна” хэмээн хэлж чадах хүн тийм ч олон байдаггүй. Гуравдугаарт, Бурхан дуу хоолой биднээс биднийг биш харин Бурханыг алдаршуулах зүйлсийг хийхийг сануулдаг. Найз минь, Бурханы дуу хоолойг сонсохыг хүсэгч бүхэнд Бурхан дуу хоолойгоо сонсгосоор байна. Тиймээс та Бурханы дуу хоолойг сонсохыг хүсэж тэмүүлээрэй. Магадгүй та ингэж хүсдэггүй учраас л Бурханы дуу хоолойг сонсолгүй явж ирсэн ч юм билүү. Та сайн бодоорой.
Мэргэн нэгнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгийг танд хүргэлээ.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгээс Бурханы дуу хоолойг сонсоход тань туслах 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Итгэл Радио - Аудио чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн ITGEL RADIO - ИТГЭЛ РАДИО -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio
Холбоотой төлөвлөгөө

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Миний бизнес Бурханых

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

BibleProject | Topa

Бурханы дуу хоолойг сонсох нь

Хүлээлт

ГЭРЛЭЛТ

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах
