Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Бурханы дуу хоолойг сонсох нь

7-с 2 дахь өдөр

Чих тавин дууг минь чагнаач! Анхаарал тавин яриаг минь чагнаач! (Исаиа 28:23)

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлэг.

Та их хотын дуу чимээнээс алс хол байж үзсэн үү? Уулын орой дээр ч юм уу, хээр талд ч юм уу. Магадгүй та нам гүмхэн шөнө, хээр талд тэнгэрийн оддыг ширтэн зогсохдоо ямар гайхамшигтай амгалан тайван, ямар гайхамшигтай нам гүм байгааг мэдэрч байсан байх. Тийнхүү зогсож байхад чинь эргэн тойронд чинь нам гүм байсан тийм үү? Үнэндээ бол тийм бишээ. Бидний эргэн тойронд хэдэн мянган янзын чимээ гарч байдаг. Харин зүгээр л бид тэрхүү чимээг барьж сонсож чаддаггүй юм. Магадгүй хэн нэгэн хүн танаас яг одоо та юу сонсож байна вэ? гэвэл та “Радио сонсож байна” эсвэл “Онлайнаар нэвтрүүлэг сонсож байна” гэж хариулах байх. Үнэхээр бидний эргэн тойронд маш олон чимээ шуугиан, дуу хоолой цацагдаж байдаг. Харин бидний чих тэр бүрийг барьж сонсох боломжгүй байдаг юм. Тэгвэл би та бүхнээс нэг зүйлийг асууя. Та Бурханы дуу хоолойг сонсож байсан уу? Магадгүй та дотроо “Би Бурханы дуу хоолойг чихээрээ сонслоо гэвэл намайг хүмүүс солиотой хүн гэж бодох байлгүй дээ” гэж бодож байж болох юм. Сэтгэцийн эмнэлэгт нэг хүн өөрийгөө Наполеон Бонапарт байна гээд дөвчигнөөд байж гэнэ. Эмч түүнээс “хэн чамд ингэж хэлсэн юм?” гэтэл нөгөө нөхөр “Бурхан хэлсэн” гэж хариулж. Тэгтэл өрөөний нөгөө захаас нэг нөхөр “Би л лав тэгж хэлээгүй шүү” гэж дуу алдсан гэдэг. Би танаас Бурханы дуу хоолойг сонсож байсан уу? гэж асуухдаа ямар нэгэн этгээд сонин дуу чимээ эсвэл үг яриа чихэнд чинь сонсогдсон эсэх талаар асуугаагүй юм шүү. Харин Бурхан таны дотроос чихэнд үл сонсогдох тийм дуу хоолойгоор таныг ятгаж “Би чамайг ийм зүйл хийгээсэй гэж хүсэж байна” хэмээн хэлэх шиг болж байсныг та мэдэрч байсан уу? гэсэн утгаар асуусан юм. Хэрвээ та энэ асуултад “хэзээ ч үгүй” гэж хариулж байгаа бол та энэ цагт өөрөөсөө “Бурхан надад ямар нэгэн зүйлийг хэлэхийг хүсээд харин би түүнийг нь сонсохгүй эсвэл сувгаа өөрчилчихсөн яваад байсан юм биш биз?” хэмээн асуугаад үзээрэй. Эш үзүүлэгч Исаиагаар дамжуулаад Бурхан “Чих тавин дууг минь чагнаач! Анхаарал тавин яриаг минь чагнаач!” (Исаиа 28:23) хэмээн айлдсан байдаг. Шинэ Гэрээний Еврей ном нь дээр хэлэхдээ “...Түүний дуу дэлхийг доргиосон” (Еврей 12:26) гэсэн байдаг. Гэтэл нөгөөтээгүүр 1 Хаад 19-р бүлэг дээр Елиаг сэтгэлээр унасан байх үед Бурхан түүнтэй намуухан дуу хоолойгоор ярилцсан тухай өгүүлсэн байдаг шүү дээ. Тэгвэл эндээс би дараагийн асуултыг тавимаар байна. “Бурханы дуу хоолойг та Сатаны дуу хоолойноос эсвэл өөрийнхөө амин хувиа хичээсэн хүслээс хэрхэн ялгах вэ?” гэсэн асуулт байна. Энэ асуултад Шинэ Гэрээний үгс ийм хариултыг өгч байна. Бурхан Өөрийн хүслийг “Хүүгийнхээ дотор бидэнд хандаж хэлэв” хэмээн Еврей 1:2 дээр бичигдсэн байдаг. Тэгвэл Библийн сүүлийн ном болох Илчлэл номд Есүс ийнхүү айлдсан байна. “Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно” (Илчлэл 3:20).

Өнөөдөр бид Бурханы үг болсон Библиэр дамжуулан Түүний дуу хоолойг сонсдог. Заримдаа бусад хүмүүс бидэнд Библиэс ярьж өгөх үед эсвэл бид өөрсдөө Библиэ уншаад Бурханы үгийг хүлээн авдаг. Бурхан таны зүрх сэтгэлд Өөрийнхөө хүслийг шууд илчлэхгүй гэж хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ Бурхан танд Өөрийнхөө хүслийг илэрхийллээ гэж бодоход тэр хүсэл хэзээ ч Бурханы үг болсон Библитэй зөрчилдөхгүй. Үүнийг бид үргэлж санах учиртай юм. Бурханы дуу хоолойг бид эргэн тойрондоо байгаа өөр чанга дуу хоолойнуудаас болоод тэр бүр анзаарсан сонсож чаддаггүй. Тэгвэл та Түүний дуу хоолойг илүү тодоор сонсохыг хүсэж байна уу? Тэгвэл Бурханаас тан руу хандан бичсэн захидал болох Библийг унших цаг гаргаарай. Библиэс уншиж ойлгосон бүхнээ тунгаан бодоорой. Бурханы өмнө залбирч, Түүний дуу хоолойг эрэлхийлээрэй. Бурханы үг танд “Энэ бол мөнхийн улсад хүрэх зам, энэ бол мөнх амийг хүлээн авах зам” хэмээн айлдаж байна. Бурханы дуу хоолойн өмнө чихээ бөглөх нь мунхаг хэрэг юм шүү.

Мэргэн нэгнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгийг танд хүргэлээ.

Энэ төлөвлөгөөний тухай

Бурханы дуу хоолойг сонсох нь

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгээс Бурханы дуу хоолойг сонсоход тань туслах 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Итгэл Радио - Аудио чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн ITGEL RADIO - ИТГЭЛ РАДИО -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio