YouVersion Logo
Search Icon

МАТАЙ 13

13
1Тэр өдөр Есүс гэрээс гарч, нуурын эрэг дээр сууж байлаа. 2Түүн дээр асар олон хүн хуран цугласан тул Тэр завин дээр гарч суужээ. Хурсан олон цөмөөрөө эрэг дээр зогсож байлаа. 3Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр айлдруун
—Харагтун. Тариачин үр суулгахаар гарчээ. 4Түүнийг үрээ цацахад зарим үр нь замын хавиар унасанд шувууд ирээд идчихлээ. 5Зарим нь чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр дороо соёолов. 6Гэвч нар гарахад үндэсгүй учир тэд хорчийн хатжээ. 7Зарим нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж. 8Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов. 9Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
10Шавь нар нь Түүн уруу ирж,
—Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ? гэхэд 11Тэр
—Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй. 12Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана. 13Тэд харавч хардаггүй, сонсовч сонсдоггүй бөгөөд ойлгодог ч үгүй учир Би тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг. 14Тийм хүмүүс дээр Исаиагийн эш үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр
“Та нар сонссоор, сонссоор байтал огт ухаарахгүй,
харсаар, харсаар байтал огт ойлгохгүй.
15Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч,
чихээрээ дөнгөж сонсон, нүдээ аньжээ.
«Эс бөгөөс тэд нүдээрээ харж,
чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч,
эргэж буцах байсан бөгөөд
Би тэднийг эдгээх байсан» гэсэн байдаг”
гэсэн юм. 16Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ. 17Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын харж байгааг олон эш үзүүлэгч, зөвт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгааг тань сонсохыг хүссэн авч сонсоогүй юм. 18Тиймээс тариачны сургаалт зүйрлэл ямар утгатай болохыг сонсогтун. 19Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч үл ойлговол хорон нэгэн нь ирж, түүний зүрхэнд юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм. 20Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод тэр даруйдаа баяртайгаар хүлээн авч, 21харин өөрт нь бат үндэс байхгүй тул түр зуур байдаг аж. Үгнээс болж хавчлага, эсвэл зовлон тохиолдоход тэр дороо л унадаг. 22Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин дэлхийн зовнил болоод эд баялгийн хуурамч байдал нь үгийг шахан зайлуулахад энэ нь үр жимсгүй болдог. 23Сайн хөрсөнд унасан нь үгийг сонсдог ба ойлгодог нэгэн байх бөгөөд тэр нь үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг авчрах болно гэж айлдав.
24Есүс тэдэнд өөр сургаалт зүйрлэл айлдруун
—Тэнгэрийн хаанчлалыг талбайдаа сайн үр тарьсан хүнтэй зүйрлэж болох юм. 25Хүмүүсийг унтаж байхад нь түүний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ. 26Түрүү цухуйж үр тариа боловсроход, зэрлэг өвс ч бас илт болов. 27Гэрийн эзэн дээр боолууд нь ирж, түүнд “Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл зэрлэг өвс хаанаас гарчихдаг билээ?” гэхэд 28эзэн нь тэдэнд “Дайсан үүнийг хийжээ” гэв. Боолууд нь “Тэгвэл бид явж тэдгээрийг зулгааж овоолохыг та хүсээ юү?” гэсэнд 29тэр “Хэрэггүй, та нар зэрлэг өвс зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад. 30Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадах хүмүүстээ «Эхлээд зэрлэг өвсийг зулгааж, боогоод шатаахад бэлэн болго. Харин буудайг цуглуулж амбаарт хийцгээ» гэж хэлнэ” гэв.
31Есүс өөр сургаалт зүйрлэл айлдруун
—Тэнгэрийн хаанчлал бол хүн талбайдаа тарьсан гичийн үртэй төстэй. 32Энэ нь бусад бүх үрнээс жижигхэн боловч ургахдаа ургамлаас ч илүү томорч, мод болон ургадаг тул тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг юм гэлээ.
33Өөр сургаалт зүйрлэлээр
—Тэнгэрийн хаанчлал бол гурван хэмжүүр гурилыг бүхэлд нь исгэхээр нэгэн эмэгтэйн хийсэн хөрөнгөтэй төстэй гэж Есүс хэлэв.
34Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юу ч ярьсангүй. 35Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд байсан бөгөөд ингэхдээ
«Би сургаалт зүйрлэлээр ам нээнэ.
Би дэлхийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлэх болно»
гэсэн байна. 36Есүс хурсан олныг орхин, гэрт оров. Шавь нар нь Түүн дээр ирээд,
—Тариан талбай дахь зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхэд нь 37Тэр
—Сайн үрийг таригч нь Хүний Хүү, 38талбай нь дэлхий, сайн үрүүд нь хаанчлалын хөвгүүд, зэрлэг өвсний үрүүд нь хорон нэгний хөвгүүд, 39тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац хураах цаг нь энэ үеийн төгсгөл, тариа хадагсад нь тэнгэр элч нар юм. 40Тиймээс зэрлэг өвсийг зулгааж шатаах адил энэ үеийн төгсгөл тийм байх болно. 41Хүний Хүү тэнгэр элч нараа илгээхэд тэд хамаг бүдрүүлэх саад болоод ёс бусыг үйлдэгч хүмүүсийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд 42галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлна, шүдээ хавирна. 43Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун.
44Тэнгэрийн хаанчлал бол талбайд нуусан эрдэнэ лугаа адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.
45Бас тэнгэрийн хаанчлал бол сайн сувд хайгч худалдаачинтай адил юм. 46Их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ зарж түүнийг авна.
47Мөн тэнгэрийн хаанчлал бол төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан загасны асар том тортой адил юм. 48Тор дүүрмэгц, тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад, сайн загасыг нь саванд хийн, харин мууг нь хаяна. 49Энэ үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэр элч нар ирж, зөвт хүмүүсийн дундаас муу хүмүүсийг ялгаж, 50тэднийг галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлж, шүдээ хавирах болно.
51Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд, тэд Түүнд
—Тийм ээ гэв. 52Тэгтэл Есүс тэдэнд
—Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа хуучныг болон шинийг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.
53Есүс эдгээр сургаалт зүйрлэлүүдийг ярьсныхаа дараа тэндээс явав. 54Тэр төрөлх хотдоо ирээд, синагогт нь тэднийг сургахад тэд гайхшран
—Энэ мэргэн ухаан, эдгээр гайхамшигт хүчийг энэ хүн хаанаас авсан юм бол? 55Энэ чинь мужааны хүү биш бил үү? Эхийг нь Мариа, дүү нарыг нь Иаков, Иосеф, Симон, Иуда гэдэг биш бил үү? 56Охин дүү нар нь бүгд бидэнтэй хамт байгаа биз дээ? Тэгвэл энэ хүн тэр бүхнийг хаанаас авав? гэцгээв. 57Тэд Түүнд гомдов. Харин Есүс тэдэнд
—Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, гэрийнхнээсээ өөр газар л хүндлэгддэг юм гэж айлдав. 58Тэдний итгэлгүй байдлаас болж Тэр тэнд олон гайхамшиг үйлдсэнгүй.

Currently Selected:

МАТАЙ 13: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy