ИОХАН 2
АБ2004
2
1Гуравдугаар өдөр Галилын Кана хотод нэгэн хурим болоход Есүсийн эх тэнд байв. 2Есүс болон шавь нар нь бас хуриманд уригдсан байлаа. 3Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн эх Түүнд
—Тэд дарсгүй болов гэлээ. 4Есүс
—Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ. 5Эх нь зарц нарт хандан
—Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий гэв. 6Тэнд хоёр эсвэл гурван метретас багтаамжтай усны зургаан чулуун торх байсан агаад тэдгээрийг иудейчүүдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ. 7Есүс тэдэнд
—Торхнуудыг усаар дүүргэ гэж айлдсанд тэд торхнуудыг амсарт нь хүртэл дүүргэв. 8Есүс
—Одоо утгаад найрын ахлагчид аваачиж өг гэсэнд, тэд аваачиж өгөв. 9Найрын ахлагч дарс болсон усыг амсаад, тэр дарс хаанаас бий болсныг мэдээгүй учир (харин ус утгасан зарц нар мэдэж байв) шинэ хүргэнийг дуудаж, 10түүнд
—Хүн бүр эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлэв. 11Есүс Өөрийн тэмдгүүдийн эхлэлийг Галилын Кана хотод үйлдэж, алдраа илэрхийлсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.
12Үүний дараа Есүс эх, дүү нар болон шавь нарынхаа хамт Капернаум хот уруу очиж, хэдэн өдөр тэнд байжээ.
13Иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяр ойртож байсан бөгөөд Есүс Иерусалим уруу очив. 14Тэрээр сүмийн дотор үхэр, хонь, тагтаа худалдаалагчид, мөн мөнгө солигчдын сууж байхыг хараад, 15дээсээр шилбүүр хийж, хонь үхэр бүгдийг нь сүмээс туун гаргаад, мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж ширээг нь хөмрүүлээд, 16тагтаа худалдаж байсан хүмүүст
—Энэ юмнуудаа зайлуул. Миний Эцэгийн гэрийг наймааны газар болгохоо зогсоо гэлээ. 17Шавь нар нь “Таны гэрийн төлөөх зүтгэл Намайг залгих болно” хэмээн бичигдсэн байдгийг санацгаав. 18Тэгтэл иудейчүүд Түүнд
—Энэ бүхнийг үйлдсэн Та бидэнд ямар тэмдгийг үзүүлэх вэ? гэв. 19Есүс тэдэнд
—Энэ сүмийг устга. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно гэсэнд 20иудейчүүд
—Энэ сүмийг барихад дөчин зургаан жил шаардагдсан байтал, үүнийг Та гурван өдрийн дотор босгоно гэж үү? гэв. 21Гэтэл Есүс Өөрийн биеийн сүмийн тухай айлдсан ажээ. 22Тэгээд Есүсийг үхэгсдээс амилахад үүнийг Тэр айлдсаныг шавь нар нь санаж, Судар болон Есүсийн айлдсан үгэнд итгэцгээв.
23Есүсийг Дээгүүр Өнгөрөх баяраар Иерусалимд байхад нь олон хүн Түүний хийсэн тэмдгүүдийг үзээд, Түүний нэрэнд итгэжээ. 24Харин Өөрийнхөө хувьд Есүс Өөрийгөө тэдэнд даатгасангүй. Учир нь Тэр бүх хүнийг мэдэж байв. 25Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Learn More About Ариун Библи, 2004