YouVersion Logo
Search Icon

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 9

9
1ЭЗЭН Мосед
—Фараонд очиж, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. 2Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзаж, барьсаар байвал 3ЭЗЭНий мутар хээр байгаа чиний мал сүрэг, адуу, илжиг, тэмээ, үхэр, хонин дээр чинь аймшигт тахал өвчнөөр бууна. 4Харин ЭЗЭН Израилийн мал болон Египетийн малыг зааглаж, Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй»” гэж хэл хэмээн айлдав. 5ЭЗЭН цаг товлож,
—Маргааш ЭЗЭН үүнийг энэ газарт үйлдэнэ гэж айлдав. 6Дараагийн өдөр ЭЗЭН үүнийг үйлдсэнд, Египетийн бүх мал үхэв. Харин Израилийн хөвгүүдийн малаас нэг нь ч үхсэнгүй. 7Фараон хүн илгээж, Израилийн малаас нэг нь ч үхээгүйг мэдэв. Гэвч Фараоны зүрх хатуурч, ард түмнийг явуулсангүй.
8ЭЗЭН Мосе, Аарон нарт
—Зуухны үнснээс хоёр алгандаа дүүргэн авч, Фараоны нүдний өмнө Мосе түүнийг тэнгэр өөд цацаг. 9Тэр үнс Египетийн бүх нутагт тоос болж, Египетийн нутаг даяар бүх хүн, малд идээт яр халдаана гэж айлдав. 10Тэд зуухнаас үнс аван, Фараоны өмнө зогслоо. Мосе түүнийг тэнгэр өөд цацсанд хүн, малд идээт яр халдав. 11Илбэчид ч идээт ярнаас болж Мосегийн өмнө зогсож чадсангүй. Яагаад гэвэл илбэчдэд, бүх египетчүүдэд идээт яр халдсан болой. 12ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулав. Мосед ЭЗЭНий айлдсанчлан, тэр тэднийг сонссонгүй.
13ЭЗЭН Мосед
—Өглөө эрт босож, Фараоны өмнө зогсож, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ. 14Учир нь энэ удаа Би Өөрийн бүх гамшгийг чиний зүрхэнд болон, чиний зарц нарт, чиний ард түмэн дээр илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно. 15Би мутраа сунгаж, чамайг болон чиний ард түмнийг тахлаар цохисон бол чи дэлхийгээс устгагдах байсан. 16Харин Би Өөрийн хүчийг чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд, үүний төлөө чамайг босгосон юм. 17Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна. 18Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш яг энэ цагийн орчимд оруулна. 19Одоо тийм учраас хүн илгээж, өөрийн мал сүрэг ба хээр байгаа бүх юмсаа аюулгүй газар аваач. Хээр үлдэж, гэрт хариагүй бүх хүн, мал мөндөр буухад үхнэ»” гэж хэл хэмээн айлдав. 20Фараоны зарц нарын зарим нь ЭЗЭНий үгээс айж, өөрсдийн боол, малыг гэртээ бөөгнүүлэв. 21Харин ЭЗЭНий үгийг ойшоогоогүй нь өөрсдийн боол, малыг хээр орхив.
22ЭЗЭН Мосед
—Тэнгэр өөд гараа сунгаж, Египетийн бүх газарт Египетийн бүх нутаг даяар хүн, мал, тариалангийн талбайд ургасан бүхэн дээр мөндөр оруул гэж айлдав. 23Мосе таягаа тэнгэр өөд сунгахад, ЭЗЭН аянга, мөндрийг илгээсэн ба газарт гал цацрав. ЭЗЭН Египетийн нутагт мөндөр орууллаа. 24Тэнд үндэстэн үүссэнээс хойш байгаагүй аймшигт мөндөр Египетийн бүх нутагт оров. Мөндрийн голд үргэлжлүүлэн гал цахилж байлаа. 25Египетийн нутаг даяар хээр байсан хүн, малыг бүгдийг нь мөндөр цохив. Мөн тариалангийн бүх ургамлыг цохиж, хээрийн бүх модыг хугачив. 26Зөвхөн Израилийн хөвгүүдийн амьдарч байсан Гошен газарт мөндөр орсонгүй.
27Мосе, Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд
—Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН бол зөв шударга. Би болон миний ард түмэн бузар муу билээ. 28ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга, мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар цаашид энд үлдэхгүй гэж хэлэв. 29Мосе түүнд
—Би хотоос гармагцаа гараа ЭЗЭН уруу сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно. 30Гэхдээ та болон таны зарц нар одоогоор ЭЗЭН Бурханаас айхгүй байгаа гэдгийг би мэдэж байна гэж хэлэв. 31(Тэгэхэд арвай боловсорч, маалинга цэцэглэж байсан учир маалинга болон арвай сүйтгэгдэв. 32Харин улаан буудай, хөц буудай нь ургаагүй байсан учир сүйтгэгдсэнгүй.) 33Мосе Фараоноос салан хотоос гарч, ЭЗЭН уруу гараа сунгалаа. Аянга, мөндөр зогсож, газарт бороо цутгахаа болив. 34Бороо, мөндөр, аянга зогссоныг Фараон хараад, зарц нарынхаа хамтаар дахин нүгэл үйлдэн, зүрхээ хатууруулав. 35Фараоны зүрх хатуурч, ЭЗЭН Мосегээр дамжуулан айлдсанчлан, Израилийн хөвгүүдийг явуулсангүй.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy