YouVersion Logo
Search Icon

1 КОРИНТ 1

1
1Бурханы хүслээр Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул би болон бидний дүү Состен 2Коринт дахь Бурханы чуулганд, хаа сайгүй бидний Эзэн Есүс Христийн нэрийг дуудагч бүгдтэй хамт ариун хүмүүс болохоор дуудагдан, Христ Есүс дотор ариусгагдсан хүмүүст (Эзэн бол тэднийх болон биднийх юм) илгээв. 3Бидний Эцэг Бурхан болон Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.
4Христ Есүсийн дотор та нарт өгөгдсөн Бурханы нигүүлслийн улмаас та нарын талаар би үргэлж Бурхандаа талархдаг. 5Яагаад гэвэл та нар аливаа үг ба аливаа мэдлэгээр юм бүгдэд Түүний дотор баяжсан бөгөөд 6түүнчлэн та нарын дотор Христийн талаарх гэрчлэл батажсан учраас 7бидний Эзэн Есүс Христийн илчлэлтийг хүлээн, ямар ч бэлгээр та нар дутагдахгүй. 8Тэр та нарыг бидний Эзэн Есүс [Христ]-ийн өдөрт гэм зэмгүй болгохоор эцэст нь хүртэл батална. 9Бурхан бол итгэмжит. Та нар бол Түүгээр дамжуулан Түүний Хүү нь болох бидний Эзэн Есүс Христтэй нөхөрлөхөөр дуудагдсан юм.
10Ах дүү нар аа, та нар бүгд адилхан юм ярьж, хоорондоо хагарал гаргахгүй байж, харин адил бодол, адил шүүлт дотор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя. 11Учир нь ах дүүс минь ээ, та нарын дунд мэтгэлцээн байгааг би Хлоены гэрийнхнээс мэдсэн юм. 12Та нараас хүн нэг бүр чинь “Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна. 13Христ хуваагдсан гэж үү? Паул та нарын төлөө цовдлогдсон гэж үү? Эсвэл та нар Паулын нэрээр баптисм хүртсэн юм уу? 14Крисп, Гайос хоёроос гадна та нарын хэнд чинь ч би баптисм хүртээгээгүйдээ [Бурханд] талархдагийн учир нь 15миний нэрээр баптисм хүртсэн гэж хэнийг ч хэлүүлэхгүй гэсэндээ юм. 16Мөн Стефанагийн гэрийнхэнд баптисм хүртээсэн. Үүнээс өөр хэн нэгэнд баптисм хүртээсэн эсэхээ би мэдэхгүй. 17Учир нь Христ намайг баптисм хүртээлгэхээр бус, харин сайн мэдээг тунхаглуулахаар илгээсэн юм. Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүйн тулд сайн мэдээг тунхаглахдаа үгийн мэргэн цэцнийг хэрэглэдэггүй.
18Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаг явдал боловч аврагдаж байгаа бидний хувьд Бурханы хүч мөн. 19Учир нь
“Би мэргэдийн мэргэн ухааныг устгана.
Ухаантнуудын ухааныг Би хэрэгсэхгүй”
гэж бичигдсэн байдаг. 20Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү? 21Учир нь Бурханы мэргэн ухааны тухайд, ертөнц өөрийн мэргэн ухаанаар Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм. 22Учир нь иудейчүүд нь тэмдгийг хүсдэг, грекчүүд нь мэргэн ухааныг хайдаг. 23Гэвч бид цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харь үндэстнүүдэд мунхаглал болдог агаад 24харин дуудагдсан хүмүүст, иудейчүүд, грекчүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан мөн. 25Яагаад гэвэл Бурханы мунхаглал нь хүмүүсээс илүү ухаалаг, Бурханы мөхөс байдал нь хүмүүсээс илүү хүчирхэг юм.
26Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махан биеийн талаас мэргэн хүн олон байгаагүй, хүчирхэг хүмүүс олон байгаагүй, язгууртнууд ч олон байгаагүй. 27Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ. 28Бурхан байгсдыг хүчингүй болгохын тулд байгсдыг бус, энэ ертөнцийн шалихгүй, гадуурхагдсан хүмүүсийг сонгосон нь 29Бурханы өмнө ямар ч махан биеийг сайрхуулахгүйн тулд болой. 30Харин та нар Түүнээс болж Христ Есүс дотор байгаа юм. Христ Есүс нь бидний хувьд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусгал ба золилт болсон юм. 31Ингэсэн нь “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг” гэж бичигдсэнчлэн байхын тулд ажээ.

Currently Selected:

1 КОРИНТ 1: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy