Матай 25:31-46
Матай 25:31-46 АБ2013
Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэрэлчийнхээ хамт ирж, сүр жавхлант сэнтийдээ залрах болно. Бүх үндэстэн өмнө нь цуглаж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, хонио баруун, ямааг зүүн талдаа байлгана. Тэгээд Хаан баруун талдаа байгсдад хэлэх нь “Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. Учир нь өлсөж байхад минь та нар Надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн, харь хүн байхад минь урьж оруулсан, нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над дээр ирсэн билээ” гэхэд зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ өлсөж байхыг тань хараад хооллож, цангахад тань уух юм өгсөн бэ? Хэзээ бид харь хүн байсныг тань хараад, урьж оруулан нүцгэн байхад тань хувцасласан бэ? Хэзээ бид өвчтэй байхыг тань хараад, эргэж, шоронд байхад тань очсон юм бэ?” гэх болно. Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ. Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор. Учир нь та нар өлсөж байхад минь идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, харь хүн байхад минь урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй ба шоронд байхад минь Намайг эргээгүй” гэж хэлнэ. Тэд мөн адил “Эзэн, хэзээ бид Таныг өлсөж, цангаж, харь хүн, нүцгэн, өвчтэй, шоронд байхыг тань хараад, Танд үйлчлээгүй юм бэ?” гэх болно. Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээрийн дорд нэгэнд ийн үйлдээгүй бол Надад ч үйлдээгүй хэрэг” гэж хэлнэ. Тэд мөнх шийтгэлд, харин зөвт нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.