МАТАЙ 25:31-46 - Compare All Versions
МАТАЙ 25:31-46 АБ2004 (Ариун Библи, 2004)
Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно. Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, хонио Өөрийн баруун талд, ямааг зүүн талд байлгана. Тэгээд Хаан Өөрийн баруун талд байгсдад хандан хэлэх нь “Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан, нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над уруу ирсэн билээ” гэхэд, зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ Таныг өлсөж байхыг тань хараад хооллож, цангаж байхыг тань хараад уух юм өгсөн бэ? Хэзээ бид Таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцасласан бэ? Хэзээ бид Таныг өвчтэй байхыг тань хараад эргэж, шоронд байхыг тань хараад очсон юм бэ?” гэх болно. Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ. Тэгээд Тэр Өөрийн зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэр элч нарт нь бэлтгэсэн мөнх галд ор. Учир нь та нар Намайг өлсөж байхад идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, Намайг харь газрынх байхад урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй болоод шоронд байхад минь Над уруу ирээгүй” гэж хэлнэ. Тэд мөн адил “Эзэн, хэзээ бид Таныг өлсөж, цангаж, харь газрын, нүцгэн, өвчтэй, шоронд байхыг чинь хараад Танд үйлчлээгүй юм бэ?” гэх болно. Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр хамгийн дордод нь ийнхүү үйлдээгүй бол Надад ч хийгээгүй хэрэг” гэж хэлнэ. Тэд мөнх шийтгэлд, харин зөвт хүмүүс нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.
МАТАЙ 25:31-46 АБ2013 (Ариун Библи 2013)
Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэрэлчийнхээ хамт ирж, сүр жавхлант сэнтийдээ залрах болно. Бүх үндэстэн өмнө нь цуглаж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, хонио баруун, ямааг зүүн талдаа байлгана. Тэгээд Хаан баруун талдаа байгсдад хэлэх нь “Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. Учир нь өлсөж байхад минь та нар Надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн, харь хүн байхад минь урьж оруулсан, нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над дээр ирсэн билээ” гэхэд зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ өлсөж байхыг тань хараад хооллож, цангахад тань уух юм өгсөн бэ? Хэзээ бид харь хүн байсныг тань хараад, урьж оруулан нүцгэн байхад тань хувцасласан бэ? Хэзээ бид өвчтэй байхыг тань хараад, эргэж, шоронд байхад тань очсон юм бэ?” гэх болно. Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ. Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор. Учир нь та нар өлсөж байхад минь идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, харь хүн байхад минь урьж оруулаагүй, нүцгэн байхад минь хувцаслаагүй, өвчтэй ба шоронд байхад минь Намайг эргээгүй” гэж хэлнэ. Тэд мөн адил “Эзэн, хэзээ бид Таныг өлсөж, цангаж, харь хүн, нүцгэн, өвчтэй, шоронд байхыг тань хараад, Танд үйлчлээгүй юм бэ?” гэх болно. Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээрийн дорд нэгэнд ийн үйлдээгүй бол Надад ч үйлдээгүй хэрэг” гэж хэлнэ. Тэд мөнх шийтгэлд, харин зөвт нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.