Леви 16:5-28

Леви 16:5-28 АБ2013

Тэрээр Израилийн хөвгүүдийн хотол түмнээс ямаан сүргийн хоёр ухныг нүглийн тахилд, нэг хуцыг шатаалт тахилд аваг. Аарон өөрийнхөө төлөө нүглийн тахил бухаа өргөж, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүллийг хийнэ. Тэрээр хоёр ухна авч, тэдгээрийг ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэнд тавиг. Аарон хоёр ухнад шавга хаях агаад нэг шавга нь ЭЗЭНд, нөгөө шавга нь Азазелд ногдох болой. ЭЗЭНд ногдох шавга таарсан ухныг Аарон авчран нүглийн тахил болгон тахиг. Харин Азазелд ногдох шавга таарсан ухнаар эвлэрүүлэл хийхийн тулд ЭЗЭНий өмнө амьдаар нь авчирах бөгөөд үүнийг зэлүүд тал уруу Азазелд явуулах юм. Аарон өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг авчирч, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүллийг хийг. Тэр өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг нядална. Тэрээр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атгаараа дүүрэн нунтагласан анхилуун утлагат тахилаас авч, хөшигний дотор авчирна. Тэрээр ЭЗЭНий өмнө уг утлагат тахилыг гал дээр хийж, утлагат тахилын утаа гэрчлэлийн дээрх эвлэрүүлгийн тагийг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр үхнэ. Тэрээр бухын цуснаас авч, хуруугаараа эвлэрүүлгийн тагны зүүн тал уруу цацаж бас эвлэрүүлгийн тагны нүүрэн тал уруу цусыг хуруугаараа долоон удаа сүрчиг. Тэрээр ард олонд зориулагдсан нүглийн тахил ухныг нядлан цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар юу хийсэнчлэн үүний цусаар мөн үйлдэж, эвлэрүүлгийн таган дээр мөн эвлэрүүлгийн тагны нүүрэн тал уруу цацаг. Израилийн хөвгүүдийн бузрын улмаас, бүх нүглийнх нь доторх тэдний гэмт үйлдлийн улмаас тэрээр ариун газарт зориулан эвлэрүүллийг хийг. Түүнчлэн тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших уулзалтын майханд зориулан адил зүйл хийнэ. Ариун газарт зориулан эвлэрүүллийг хийхээр дотогш орох үед буюу түүнийг өөртөө, гэрийнхэндээ болон Израилийн бүхэл чуулганд зориулан эвлэрүүллийг хийгээд гарч ирэх хүртэл хэн ч уулзалтын майханд байх ёсгүй. Тэгээд тэр ЭЗЭНий өмнө буй тахилын ширээ өөд гарч, түүнд зориулан эвлэрүүллийг хийхдээ бух болон ухнын цуснаас авч, тахилын ширээний эврүүд дээр тойруулан нялаг. Тэрээр хуруугаараа түүн дээгүүр цусыг долоон удаа сүрчин түүнийг цэвэршүүлж, Израилийн хөвгүүдийн бузраас ариусгаг. Ариун газар, уулзалтын майхан, тахилын ширээ зэрэгт зориулан эвлэрүүллийг хийж дуусаад, Аарон амьд ухныг авчраг. Тэгээд Аарон амьд ухнын толгой дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх хилэнц, тэдний бүх гэмт үйлдэл, бүх нүглийг түүн дээр улайж, тэдгээрийг ухнын толгой дээр шилжүүлээд, сонгогдсон хүний гараар ухныг хөтлүүлэн зэлүүд тал уруу явуулаг. Бүх хилэнцийг эзгүй газар уруу ухна өөр дээрээ үүрэн явах бөгөөд мөнөөх хүн ухныг зэлүүд талд суллаж тавих ёстой. Аарон уулзалтын майханд ирж, ариун газарт орохдоо өмссөн маалинган хувцсыг тайлан тэнд орхиг. Тэрээр ариун газарт бие махбодоо усанд булхаад хувцсаа өмсөж, гарч ирэн өөрийн шатаалт тахил болон ард түмний шатаалт тахилыг тахиж, өөртөө болон ард түмэнд эвлэрүүллийг хийг. Нүглийн тахилын өөхийг тэрээр тахилын ширээн дээр шатааг. Ухныг Азазелд зориулан суллаж тавьсан нэгэн нь хувцсаа угааж, усанд бие махбодоо булхаад, үүний дараа хуаранд ирэх ёстой. Харин ариун газарт эвлэрүүлэл хийхээр цусыг нь оруулсан нүглийн тахил бух болон нүглийн тахил ухна зэргийг хуарангийн гадна гаргаж, арьс, мах, сэвсийг нь галд шатааг. Эдгээрийг шатаасан нэгэн нь хувцсаа угааж, биеэ усанд булхаад, үүний дараа хуаранд ирж болно.