ЛЕВИТ 16:5-28
ЛЕВИТ 16:5-28 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэрээр Израилийн хөвгүүдийн цуглаанаас хоёр ухныг нүглийн төлөөх тахилд зориулан, нэг хуцыг шатаалт тахилд зориулан авах ёстой. Тэгээд өөрийнхөө төлөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийхийн тулд бухыг өөрийн нүглийн төлөөх тахилд зориулан өргөх ажгуу. Тэр хоёр ухныг авч, тэдгээрийг ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд авчрах ёстой. Аарон хоёр ухнад зориулан шавга хаях агаад нэг шавга нь ЭЗЭНд, нөгөө нь нүглийг үүрэгч ухнад оногдох болой. Тэгээд Аарон ЭЗЭНд оногдох шавга, дээр нь унасан ухныг нүглийн төлөөх тахил болгон өргөх ёстой. Гэвч нүглийг үүрэгч ямааны шавга, дээр нь унасан ямаагаар дамжуулж эвлэрүүллийг хийхийн тулд түүнийг нүглийг үүрэгч ямаа болгон хээр тал уруу явуулахаар ЭЗЭНий өмнө амьдаар нь авчирна. Тэгээд Аарон өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг өргөх бөгөөд өөрийнхөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг нядална. Тэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атга дүүрэн нунтагласан анхилуун утлагыг авч, хөшигний дотор авчирна. Тэр ЭЗЭНий өмнө уг утлагыг гал дээр хийж, утлагын утаа нь гэрчлэлийн дээрх өршөөлийн суудлыг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр үхнэ. Түүнээс гадна тэр бухны цуснаас хэсгийг авч, хуруугаараа өршөөлийн суудлын зүүн тал уруу цацаж, бас өршөөлийн суудлын нүүрэн тал уруу хэсэг цусыг долоон удаа цацна. Тэгээд тэр ард олонд зориулагдсан нүглийн төлөөх тахилын ухныг нядалж, цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар хийсэнчлэн түүний цусаар хийж, түүнийг өршөөлийн суудал дээр болон өршөөлийн суудлын нүүрэн тал уруу цацна. Израилийн хөвгүүдийн бузрын улмаас, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийнх нь улмаас тэрээр ариун газрын төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших хурлын майхны төлөө тэгж хийх ёстой. Түүнийг ариунаас ариун газарт эвлэрүүллийг хийхээр дотогш орох үед нь түүнийг өөрийнхөө төлөө, гэрийнхнийхээ төлөө, Израилийн бүх чуулганы төлөө эвлэрүүллийг хийн гарч ирэх хүртэл нь хэн ч хурлын майханд байх ёсгүй. Тэгээд тэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээ уруу гарч ирэн, түүний төлөө эвлэрүүллийг хийхдээ бух болон ухны хэсэг цусыг авч, тахилын ширээний эврүүд дээр нялна. Тэр хуруугаараа хэсэг цусыг түүн дээр долоон удаа цацан, түүнийг цэвэршүүлж, Израилийн хөвгүүдийн бузраас ариусгах болой. Аарон нь ариунаас ариун газар, хурлын майхан, тахилын ширээний төлөө эвлэрүүллийг хийж дуусаад, амьд ухныг өргөх ёстой. Тэгээд Аарон амьд ухны толгойн дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх муу үйлсийг, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийг түүн дээр наманчилж, тэдгээрийг ухны толгой дээр шилжүүлээд түүнийг сонгогдсон хүний гараар хөтлүүлэн хээр тал уруу явуулах ёстой. Ухна бүх гэм нүглийг зэлүүд газар уруу өөр дээрээ үүрэн явах бөгөөд мөнөөх хүн ухныг хээр суллах ёстой. Тэгээд Аарон хурлын майханд ирж, ариунаас ариун газар уруу орохдоо өмссөн маалинган хувцсыг тайлан тэнд орхино. Тэр ариун газарт усанд биеэ булхаад өөрийн хувцсуудыг өмсөж, урагш гарч ирэн өөрийн шатаалт тахил болон ард түмний шатаалт тахилыг өргөж, өөрийнхөө төлөө болон ард түмний төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэгээд тэр нүглийн төлөөх тахилын өөхийг тахилын ширээн дээр шатаан уугиулна. Нүглийг үүрэгч ухныг суллаж явуулсан нэгэн нь хувцсаа угаан усанд биеэ булхаад үүний дараа хуаранд орно. Гэвч эвлэрүүлэл хийхээр ариунаас ариун газарт цусыг нь оруулсан нүглийн төлөөх тахилын бух болон нүглийн төлөөх тахилын ухна нь хуарангийн гадна гаргагдаж тэдгээрийн арьс, мах, сэвс нь галд шатаагдах болой. Тэгээд тэдгээрийг шатаасан нэгэн нь хувцсаа угааж, биеэ усанд булхаад үүний дараа хуаранд орох ёстой.
ЛЕВИТ 16:5-28 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэрээр Израилийн хөвгүүдийн хотол түмнээс ямаан сүргийн хоёр ухныг нүглийн тахилд, нэг хуцыг шатаалт тахилд аваг. Аарон өөрийнхөө төлөө нүглийн тахил бухаа өргөж, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүллийг хийнэ. Тэрээр хоёр ухна авч, тэдгээрийг ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэнд тавиг. Аарон хоёр ухнад шавга хаях агаад нэг шавга нь ЭЗЭНд, нөгөө шавга нь Азазелд ногдох болой. ЭЗЭНд ногдох шавга таарсан ухныг Аарон авчран нүглийн тахил болгон тахиг. Харин Азазелд ногдох шавга таарсан ухнаар эвлэрүүлэл хийхийн тулд ЭЗЭНий өмнө амьдаар нь авчирах бөгөөд үүнийг зэлүүд тал уруу Азазелд явуулах юм. Аарон өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг авчирч, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүллийг хийг. Тэр өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг нядална. Тэрээр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атгаараа дүүрэн нунтагласан анхилуун утлагат тахилаас авч, хөшигний дотор авчирна. Тэрээр ЭЗЭНий өмнө уг утлагат тахилыг гал дээр хийж, утлагат тахилын утаа гэрчлэлийн дээрх эвлэрүүлгийн тагийг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр үхнэ. Тэрээр бухын цуснаас авч, хуруугаараа эвлэрүүлгийн тагны зүүн тал уруу цацаж бас эвлэрүүлгийн тагны нүүрэн тал уруу цусыг хуруугаараа долоон удаа сүрчиг. Тэрээр ард олонд зориулагдсан нүглийн тахил ухныг нядлан цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар юу хийсэнчлэн үүний цусаар мөн үйлдэж, эвлэрүүлгийн таган дээр мөн эвлэрүүлгийн тагны нүүрэн тал уруу цацаг. Израилийн хөвгүүдийн бузрын улмаас, бүх нүглийнх нь доторх тэдний гэмт үйлдлийн улмаас тэрээр ариун газарт зориулан эвлэрүүллийг хийг. Түүнчлэн тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших уулзалтын майханд зориулан адил зүйл хийнэ. Ариун газарт зориулан эвлэрүүллийг хийхээр дотогш орох үед буюу түүнийг өөртөө, гэрийнхэндээ болон Израилийн бүхэл чуулганд зориулан эвлэрүүллийг хийгээд гарч ирэх хүртэл хэн ч уулзалтын майханд байх ёсгүй. Тэгээд тэр ЭЗЭНий өмнө буй тахилын ширээ өөд гарч, түүнд зориулан эвлэрүүллийг хийхдээ бух болон ухнын цуснаас авч, тахилын ширээний эврүүд дээр тойруулан нялаг. Тэрээр хуруугаараа түүн дээгүүр цусыг долоон удаа сүрчин түүнийг цэвэршүүлж, Израилийн хөвгүүдийн бузраас ариусгаг. Ариун газар, уулзалтын майхан, тахилын ширээ зэрэгт зориулан эвлэрүүллийг хийж дуусаад, Аарон амьд ухныг авчраг. Тэгээд Аарон амьд ухнын толгой дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх хилэнц, тэдний бүх гэмт үйлдэл, бүх нүглийг түүн дээр улайж, тэдгээрийг ухнын толгой дээр шилжүүлээд, сонгогдсон хүний гараар ухныг хөтлүүлэн зэлүүд тал уруу явуулаг. Бүх хилэнцийг эзгүй газар уруу ухна өөр дээрээ үүрэн явах бөгөөд мөнөөх хүн ухныг зэлүүд талд суллаж тавих ёстой. Аарон уулзалтын майханд ирж, ариун газарт орохдоо өмссөн маалинган хувцсыг тайлан тэнд орхиг. Тэрээр ариун газарт бие махбодоо усанд булхаад хувцсаа өмсөж, гарч ирэн өөрийн шатаалт тахил болон ард түмний шатаалт тахилыг тахиж, өөртөө болон ард түмэнд эвлэрүүллийг хийг. Нүглийн тахилын өөхийг тэрээр тахилын ширээн дээр шатааг. Ухныг Азазелд зориулан суллаж тавьсан нэгэн нь хувцсаа угааж, усанд бие махбодоо булхаад, үүний дараа хуаранд ирэх ёстой. Харин ариун газарт эвлэрүүлэл хийхээр цусыг нь оруулсан нүглийн тахил бух болон нүглийн тахил ухна зэргийг хуарангийн гадна гаргаж, арьс, мах, сэвсийг нь галд шатааг. Эдгээрийг шатаасан нэгэн нь хувцсаа угааж, биеэ усанд булхаад, үүний дараа хуаранд ирж болно.