Иов 28:12-28

Иов 28:12-28 АБ2013

Харин мэргэн ухаан хаанаас олддог вэ? Ухаарал орших газар хаана байна вэ? Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөд тэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй. Оёоргүй гүн нь “Тэр чинь миний дотор байхгүй” мөн далай ч “Тэр чинь надад байхгүй” гэж хэлдэг. Түүнийг цэвэр алтаар ч сольж чаддаггүй бөгөөд үнэнд нь мөнгийг ч хэмжин өгч чаддаггүй юм. Тэр нь Офирын алтаар, үнэт судалт гартаамаар эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй. Алт ба шил түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд түүнийг үнэт алтан эдлэлүүдээр ч сольдоггүй. Шүр болон болрыг бол дурдах ч хэрэггүй. Мэргэн ухааны үнэ сувднаас ч өндөр болой. Етиопийн молор эрдэнэ ч түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд тэр нь шижир алтаар ч үнэлэгдэх боломжгүй юм. Тэгвэл мэргэн ухаан хаанаас ирдэг юм бэ? Ухаарал орших газар хаана байна вэ? Тэр нь ийнхүү амьтай бүхний нүднээс нууцлагдсан бөгөөд Тэнгэрийн шувуудаас далдлагдсан ажгуу. Сүйрлийн газар ба Үхэл нь “Өөрсдийн чихээр бид түүний тухай сонссон” гэцгээдэг. Бурхан түүний замыг ойлгодог бөгөөд түүний оршдог газрыг ч мэддэг. Учир нь зөвхөн Тэрээр газар дэлхийн хязгаарыг ширтэж, Тэнгэрийн доорх бүгдийг хардаг билээ. Салхины жин, усны хэмжээ, бороонд журам, аянга цахилгаанд зам тогтооход Тэр үүнийг хараад, үүнийг тунхаглажээ. Тэр үүнийг тогтоосон бөгөөд бас үүнийг шалган үзсэн билээ. Тэрээр хүнд хандан “Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан бөгөөд Нүгэл муугаас хол явах нь ухаарал юм” хэмээн айлдав гэлээ.

Иов 28:12-28 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв