Иохан 12:20-32
Иохан 12:20-32 АБ2013
Баяраар мөргөл хийхээр ирэгсдийн дунд хэдэн грек байлаа. Тэд Галилын Бетсайдын Филип дээр очиж, түүнээс —Эзэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд Филип явж, Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав. Есүс тэдэнд —Хүний Хүүгийн алдарших цаг ирлээ. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана. Амиа хайрлагч нь түүнийгээ алдана. Энэ ертөнцөд амиа үзэн ядагч нь түүнийгээ мөнх аминд хүртэл хадгална. Надад үйлчлэх нь Намайг дага. Би хаана байна, Миний зарц бас тэнд байх болно. Надад үйлчилбэл тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ. Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, Намайг энэ цагаас авраач” гэх үү? Гэвч үүний л төлөө Би энэ цагт ирсэн. Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулна гэх дуун гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод —Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь —Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэцгээв. Есүс хариулан —Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан. Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно. Би газраас өргөгдвөл бүх хүнийг Өөртөө татна гэж айлдлаа.

