Исаиа 41:8-29

Исаиа 41:8-29 АБ2013

“Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа! Би чамайг дэлхийн хязгаараас авч, Өнцөг булангуудаас дуудаж, чамд хэлэхдээ «Чи Миний боол. Би чамайг сонгосон бөгөөд Чамайг голоогүй. Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ» Үзэгтүн, чамд хилэгнэн дүрэлзсэн бүхэн ичиж, гутамшиг болно. Тэд юу ч биш болж, Чамтай маргалдагчид сөнөнө. Чамтай тэмцэгсдийг чи эрэвч эс олно. Чамтай дайтагчид юу ч биш болж үл оршин тогтноно. Учир нь Би баруун гараас чинь атгах Чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна. Бүү айгтун, өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална” гэж Чиний Золигч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН тунхаглаж байна. Үзэгтүн, Би чамайг шүдтэй, Шинэ, хурц бутлагч зэвсэг болгоно. Чи уулсыг бутлан нунтаглаж, Толгодыг сүрэл мэт болгоно. Чи тэднийг цацах ба Салхи тэднийг хийсгэн Хуй салхи тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно. Ядуус ба үгээгүйчүүд ус эрэх боловч байхгүй. Цангаснаас болж хэл нь хатаж байна. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй. Би өндөрлөгүүд дээр гол урсгаж, Хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм, Хатсан газрыг усны ундарга болгоно. Би зэлүүд газарт хуш, хуайс, гавирт мод хийгээд чидун моддыг тавьж, Цөлд майлс, жодоо, нягт шар модыг хамт суулгана. Үүнийг ЭЗЭНий мутар хийж, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг Тэд харж, мэдэн тунгааж, ухаарах болой. “Хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж, “Нотолгоогоо авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна. Тэдгээрийг авчирч, Юу болохыг бидэнд мэдүүлэг. Урьдын юмсыг тэд бидэнд танилцуулж мэдүүлэг. Түүнийг нь тунгаан үзэж, Эцэс төгсгөлийг нь мэдье. Эсвэл юу болох талаар Бидэнд сонордуулаг. Дараагаар болох юмсыг мэдүүлэгтүн. Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно. Сайн эсвэл мууг үйлдэгтүн. Тэгвэл бид эмээн гайхаж, хамтдаа айя. Харагтун, та нар юу ч биш, Ажил хэрэг тань хоосон. Та нарыг сонгогч жигшүүртэй. Би умард зүгээс босгоход, Тэр нэгэн ирнэ. Наран ургах зүгээс тэр нэрээр минь дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг Захирагчдыг тэрээр шавхай мэт доороо дэвсэлнэ. Бидэнд мэдүүлэхээр хэн эхнээсээ тунхагласан бэ? “Зөв” гэж бид хэлэхээр хэн эрт үеэс зарлав? Хэн ч тунхаглаагүй, хэн ч зарлаагүй, Үгийг чинь хэн ч сонсоогүй. Анхнаасаа Сионд “Үзэгтүн эднийг үзэгтүн” гэсэн бөгөөд Сайхан мэдээ хүргэгчийг Иерусалимд Би өгчээ. Гэвч Намайг харахад Ямар ч хүн байсангүй. Намайг асуухад хариу өгч чадах Зөвлөгч тэдний дунд алга. Үзэгтүн, тэд бүгд цөвт муу, Үйлс нь юу ч биш. Цутгамал хөргүүд нь ч хий хоосон юм.