ИСАИА 41:8-29

ИСАИА 41:8-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

“Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа! Би чамайг дэлхийн хязгаараас авч, хамгийн алслагдсан хэсгээс дуудаж, чамд хэлсэн. «Чи Миний боол. Би чамайг сонгосон. Чамайг голоогүй. Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална». Үзэгтүн, чамд хилэгнэсэн бүхэн гутаагдаж, хүндлэгдэхгүй. Чамтай маргалдагчид юу ч биш болж, сөнөнө. Чамтай маргалдагчдыг чи эрэвч олохгүй. Чамтай дайтагчид юу ч биш болж, оршин тогтнохгүй. Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна. Бүү айгтун. Өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална. Чиний Золигч бол Израилийн Ариун Нэгэн юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Үзэгтүн, Би чамайг хоёр давхар үзүүртэй, шинэ, хурц лантуу болгоно. Чи уулсыг бутлан, нунтаглаж, толгодыг сүрэл мэт болгоно. Чи тэднийг шигшинэ. Салхи тэднийг хийсгэн, шуурга тэднийг тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно. Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй. Цангаснаас болж тэдний хэл хатжээ. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй. Би нүцгэн өндөрлөгүүд дээр гол урсгаж, хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм болгож, хатсан газрыг усны ундарга болгоно. Би зэлүүд газарт хуш, хуайс мод, мирт хийгээд чидун моддыг тавьж, цөлд арц, жодоо, нарс модыг хамт суулгана. Ингэснээр тэд үүнийг ЭЗЭНий мутар хийсэн, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг үзэж харан, танин мэдэх болой. “Ажил хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж, “Хүчтэй баримтуудаа авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна. Тэдгээрийг авчир. Юу болж байгааг бидэнд хэлэг. Урьд юу болсон талаар бидэнд танилцуулж мэдүүлэг. Бид түүнийг нь тунгаан үзэж, үр дүнг нь мэдье. Эсвэл юу болох талаар бидэнд мэдүүлэг. Ирээдүйд болох юмсыг мэдүүлэгтүн. Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно. Үнэхээр сайн, эсвэл мууг үйлдэгтүн. Тэгвэл бид үзэн гайхаж, хамтдаа айя. Харагтун, гэвч та нар юу ч биш бөгөөд та нарын ажил хэрэг хоосон. Та нарыг сонгогч нь жигшүүртэй. Би умард зүгээс нэгнийг босгоход, тэр ирнэ. Наран ургах зүгээс тэр Миний нэрээр дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг тэрээр үхдэл мэт захирагчдын дээр гарна. Бидэнд мэдүүлэхийн тулд хэн эхнээсээ тунхагласан бэ? “Тэр зөв” гэж бид хэлэхээр хэн эрт үеэс зарлав? Хэн ч зарлаагүй, хэн ч тунхаглаагүй, хэн ч чиний үгийг сонсоогүй. Анхнаас нь Сионд “Үзэгтүн. Тэд энд байна” гэж хэлж, Иерусалимд “Сайн мэдээний элчийг Би өгсөн” гэсэн билээ. Гэвч Намайг харахад хэн ч байсангүй. Хэрэв Би асуувал, хариу өгч чадах зөвлөгч тэдний дунд нэг ч алга. Үзэгтүн, тэд бүгдээр хуурамч, тэдний үйлс зохисгүй. Тэдний цутгамал хөргүүд ч салхи, хоосрол юм.

Хуваалцах
ИСАИА 41 унших

ИСАИА 41:8-29 Ариун Библи 2013 (АБ2013)

“Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа! Би чамайг дэлхийн хязгаараас авч, Өнцөг булангуудаас дуудаж, чамд хэлэхдээ «Чи Миний боол. Би чамайг сонгосон бөгөөд Чамайг голоогүй. Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ» Үзэгтүн, чамд хилэгнэн дүрэлзсэн бүхэн ичиж, гутамшиг болно. Тэд юу ч биш болж, Чамтай маргалдагчид сөнөнө. Чамтай тэмцэгсдийг чи эрэвч эс олно. Чамтай дайтагчид юу ч биш болж үл оршин тогтноно. Учир нь Би баруун гараас чинь атгах Чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна. Бүү айгтун, өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална” гэж Чиний Золигч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН тунхаглаж байна. Үзэгтүн, Би чамайг шүдтэй, Шинэ, хурц бутлагч зэвсэг болгоно. Чи уулсыг бутлан нунтаглаж, Толгодыг сүрэл мэт болгоно. Чи тэднийг цацах ба Салхи тэднийг хийсгэн Хуй салхи тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно. Ядуус ба үгээгүйчүүд ус эрэх боловч байхгүй. Цангаснаас болж хэл нь хатаж байна. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй. Би өндөрлөгүүд дээр гол урсгаж, Хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм, Хатсан газрыг усны ундарга болгоно. Би зэлүүд газарт хуш, хуайс, гавирт мод хийгээд чидун моддыг тавьж, Цөлд майлс, жодоо, нягт шар модыг хамт суулгана. Үүнийг ЭЗЭНий мутар хийж, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг Тэд харж, мэдэн тунгааж, ухаарах болой. “Хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж, “Нотолгоогоо авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна. Тэдгээрийг авчирч, Юу болохыг бидэнд мэдүүлэг. Урьдын юмсыг тэд бидэнд танилцуулж мэдүүлэг. Түүнийг нь тунгаан үзэж, Эцэс төгсгөлийг нь мэдье. Эсвэл юу болох талаар Бидэнд сонордуулаг. Дараагаар болох юмсыг мэдүүлэгтүн. Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно. Сайн эсвэл мууг үйлдэгтүн. Тэгвэл бид эмээн гайхаж, хамтдаа айя. Харагтун, та нар юу ч биш, Ажил хэрэг тань хоосон. Та нарыг сонгогч жигшүүртэй. Би умард зүгээс босгоход, Тэр нэгэн ирнэ. Наран ургах зүгээс тэр нэрээр минь дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг Захирагчдыг тэрээр шавхай мэт доороо дэвсэлнэ. Бидэнд мэдүүлэхээр хэн эхнээсээ тунхагласан бэ? “Зөв” гэж бид хэлэхээр хэн эрт үеэс зарлав? Хэн ч тунхаглаагүй, хэн ч зарлаагүй, Үгийг чинь хэн ч сонсоогүй. Анхнаасаа Сионд “Үзэгтүн эднийг үзэгтүн” гэсэн бөгөөд Сайхан мэдээ хүргэгчийг Иерусалимд Би өгчээ. Гэвч Намайг харахад Ямар ч хүн байсангүй. Намайг асуухад хариу өгч чадах Зөвлөгч тэдний дунд алга. Үзэгтүн, тэд бүгд цөвт муу, Үйлс нь юу ч биш. Цутгамал хөргүүд нь ч хий хоосон юм.

Хуваалцах
ИСАИА 41 унших