Езекиел 31:1-18

Езекиел 31:1-18 АБ2013

Арван нэгдүгээр оны гуравдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү чи, Египетийн хаан Фараонд ба олон түмэнд нь өгүүл. Чи сүр жавхлангаараа хэнтэй зэрэгцэх вэ? Харагтун, Ассири нь Ливанд хуш байсан Тэр үзэсгэлэнтэй мөчир, ой модны сүүдэртэй, Маш өндөр, орой нь үүлэн дунд байсан. Ус түүнийг ургуулж, оёоргүй гүн түүнийг өндөр болгов. Тэр голуудынхаа хамт Суулгагдсан газрынхаа эргэн тойронд сунан үргэлжилж Хээр талын хамаг мод уруу сувгуудаа илгээв. Тиймээс өндөр нь хээр талын хамаг модныхоос ч илүү өндөр, Илгээсэн арвин их усных нь улмаас Гишүүд нь олон, мөчрүүд нь урт болжээ. Түүний гишүүд дотор Тэнгэрийн шувуу бүхэн үүрлэж, Түүний мөчрүүдийн дор Хээрийн аливаа араатан төрж, Агуу үндэстэн бүхэн сүүдэрт нь амьдрав. Тиймээс тэр нь агуу байдал дотроо, Мөчрүүдийнхээ уртаар үзэсгэлэнтэй болов. Учир нь түүний үндэснүүд арвин их ус уруу сунасан билээ. Бурханы цэцэрлэгийн хушнууд ч түүнтэй зэрэгцэх нь үгүй. Жодоонууд ч түүний гишүүтэй харьцуулшгүй. Шүү модод ч салаа мөчиртэй нь эгнэшгүй. Бурханы цэцэрлэгт буй ямар ч модыг Түүний үзэсгэлэнтэй харьцуулшгүй байв. Би түүнийг үй түмэн мөчрүүдтэй нь Үзэсгэлэнтэй болгож, Бурханы цэцэрлэгт байсан Едений хамаг мод түүнд атаархав. Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэрээр өндөрт өргөгдөн оройгоо үүлэн дунд хүргэж, зүрх нь сүрээрээ бардамнасан учраас үндэстнүүдийг дарангуйлагчийн гарт Би түүнийг тушаана. Тэр түүнд гэм буруугийнх нь дагуу бүрэн үйлдэнэ. Би түүнийг хөөн зайлуулав. Аймшигтай үндэстнүүдээс гарсан гаднынхан түүнийг таслан хаяв. Мөчрүүд нь уулсын дээр, хамаг хөндийд унаж, гишүүд нь нутгийн хамаг жалга дотор хугалагдав. Дэлхийн бүх ард түмэн энэ модны сүүдэр дороос гарч яван түүнийг орхив. Түүний нуранги дээр тэнгэрийн бүх шувуу оршиж, түүний унасан мөчрүүд дээр хээрийн бүх араатан байх болно. Усны дэргэдэх бүх мод өндрөөрөө үл бардамнан, оройгоо үүлэн дунд эс хүргэж мөн сайтар услагдсан хүчит модод өндрөөрөө цэх босохгүйн тулд тэгэх юм. Учир нь тэд бүгд үхэлд, газар доорхид, хүний хөвгүүдийн дунд нүхэнд орогчидтой хамт өгөгдсөн билээ» Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэр нь доошоо Үхэгсдийн оронд орох өдөр Би гашуудуулсан. Би түүнийг оёоргүй гүнээр хаан бүрхэж, голуудыг нь гэдрэг татсан. Түүний арвин их уснуудыг зогсоосон. Би түүний төлөө Ливаныг гашуудуулж, хээр талын хамаг мод түүнээс болж хатаж үгүй болов. Би түүнийг нүхэнд орогсодтой хамт Үхэгсдийн оронд буулгах цагт түүний унах дуугаар Би үндэстнүүдийг чичрүүлэв. Едений сайн услагдсан хамаг мод, Ливаны шилмэл сайн моддыг газар дор амсхийлгэв. Тэд бас Үхэгсдийн оронруу, илдэнд алагдагсад уруу буун оров. Түүний хүч чадал нь болж байсан хүмүүс үндэстнүүдийн дунд түүний сүүдэрт амьдарсан. Едений моддын дундаас алдар, агуу байдлаараа чи алинтай нь тийм адил вэ? Гэсэн ч чи Едений моддын хамт газрын дор унагаагдах болно. Чи илдэнд алагдагсадтай хамт, хозлуулаагүй хүмүүсийн дунд хэвтэх болно. Фараон ба хамаг олон түмэн нь тийм байна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.