Езекиел 16:1-63
Езекиел 16:1-63 АБ2013
Дараа нь ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү чи, жигшүүрүүдийг нь Иерусалимд мэдүүлж, хэлэгтүн. “Эзэн БУРХАН Иерусалимд ингэж айлдаж байна. «Уг гарал үүсэл чинь канаанчуудын нутгаас агаад чи тэнд төрсөн. Эцэг чинь амори эх чинь хит хүн байсан. Төрсний чинь тухайд бол төрсөн өдөртөө хүй чинь таслагдаагүй, цэвэрлэх гэж чамайг усаар ч угаагаагүй. Чи давсаар ч үрүүлээгүй, даавуугаар ч өлгийдүүлээгүй. Чамайг өрөвдөн эдгээр үйлийн нэгийг ч болов чамд үйлдэхээр нэг ч нүд чамайг энэрэн хараагүй. Харин чамайг хээр талд хаясан. Учир нь чи төрсөн тэр өдөртөө жигшигджээ. Би дэргэдүүр чинь өнгөрч, чамайг цусандаа тийчлэн байхыг харсан. Цусан дундаа хэвтэж байхад чинь Би чамд “Амьдар, хээрийн өвс ногоо адил өсөж торни” гэж айлдсан билээ. Тэгээд чи өсөөд, өндөр болж, сайхан чимэглэл зүүх насанд хүрчээ. Хөх чинь томорч, үс чинь ургаж гүйцэв. Гэсэн ч чи нүцгэн, шалдан байв. Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, үзэгтүн, чи хайрлуулах насан дээрээ байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж нүцгэнийг чинь халхалсан. Би бас чамд тангараглан чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Тэгээд Би чамайг усанд булхан чамаас цусыг чинь угаан чамайг тосоор тосолсон. Би бас чамайг хатгамалтай хувцсаар хувцаслаж, хөлд чинь далайн гахайн арьсан шаахайг өмсгөсөн. Би чамайг нарийн маалингаар ороож, торгоор бүрэв. Би чамайг гоёлоор гоёхдоо гарт чинь бугуйвч хийж, хүзүүнд чинь зүүлт зүүлгэж Би бас хамарт чинь гархи хийж, чихэнд чинь ээмэг зүүгээд, толгой дээр чинь үзэсгэлэнт титмийг тавилаа. Ийнхүү чи алт, мөнгөөр гоёж, өмсгөл чинь нарийн маалинга, торго ба хатгамалтай даавуугаар хийгджээ. Чи сайн гурил, зөгийн бал, тосыг идэв. Тиймээс чи ихэд үзэсгэлэн гоо, хатан мэт тэргүүн алдартай болсон. Дараа нь гоо үзэсгэлэнгээс чинь болж чиний нэр алдар үндэстнүүдийн дунд тархав. Учир нь чамд Миний соёрхсон сүр жавхлангаас минь болж энэ нь төгс байсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Даанч чи, гоо үзэсгэлэндээ найдаж, нэр алдраараа садарлан хажуугаар өнгөрөгч болгон дээр янхандалаа асган өөрийгөө тавьж өгсөн. Чи зарим хувцаснуудаа авч, өнгө бүрийн мөргөлийн өндөрлөгүүдийг өөрсдөдөө бий болгож, хийх ёсгүй, хойшид ч тохиолдохгүй тийм садар самууныг тэдэн дээр үйлдэв. Бас Миний чамд өгсөн алт, мөнгөөр минь хийсэн үзэсгэлэнт эрдэнэсийг авч, өөртөө садар самуун үйлдэхээр эрэгтэй хөрөг дүрс хийсэн. Дараа нь чи хатгамалтай хувцаснуудаа авч, тэднийг бүтээн тос, утлагыг минь тэдний өмнө өргөв. Мөн чамд өгсөн Миний талх хийгээд чамайг тэжээсэн сайн гурил, тос, зөгийн балыг чи тэдний өмнө тааламжит үнэр болгож өргөв. Тийнхүү энэ нь тохиолдов» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Үүнээс гадна, Надад төрүүлсэн хөвгүүд, охидоо чи авч, тэднийг шүтээнүүдэд идүүлэхээр тахив. Янхандах чинь хэтрээгүй юу? Чи хүүхдүүдийг минь нядалж, тэднийг гал дундуур гарган шүтээнүүдэд өргөсөн. Бүх жигшүүр, янхандал дотроо чи нүцгэн шалдан, цусандаа тийчлэн байсан залуу насныхаа өдрүүдийг санаагүй. Тэгээд бүх хилэнцэт явдлынхаа хойно (“Чи золгүй еэ, золгүй еэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.) чи өөртөө бунхан барьж, талбай болгонд өөртөө мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон. Гудамж болгоны үзүүрт чи өөртөө мөргөлийн өндөрлөгүүд барьж, гоо үзэсгэлэнгээ жигшүүр болгож, янхандалаа ихэсгэхээр хажуугаар өнгөрөгч болгон уруу хөлөө сунгасан. Бас тачаангуй хөрш египетчүүдтэйгээ чи садарлаж, Намайг уурлуулахаар янхандалаа олшруулсан. Одоо харагтун. Би чиний эсрэг мутраа сунган хүнсний хангамжийг чинь хаслаа. Чамайг үзэн яддаг, булай явдлаас чинь ичсэн филистчүүдийн охидын хүсэлд Би чамайг тушаалаа. Түүгээр ч барахгүй, чи ханаагүй учраас ассиричуудтай садар самууныг үйлдэв. Чи тэдэнтэй садар самууныг үйлдсэн ч бас ханаагүй. Чи бас худалдаачдын газар Халдеитай янхандлыг үлэмж ихээр үйлдсэн боловч үүгээр ч чи ханасангүй. Энэ бүх зүйл буюу ичгүүргүй янхан эмийн үйлдлийг хийж байхад зүрх чинь юутай их доройтов оо!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.” “Чи гудамж болгоны эхэнд бунхнаа барьж, талбай болгонд мөргөлийн өндөрлөгүүдээ хийж байхдаа шан хөлсийг басамжилснаар чи янхантай адил байгаагүй. Чи нөхрийнхөө оронд танихгүй эрийг авдаг завхай эхнэр юм. Эрчүүд бүх янхан эмд бэлэг өгдөг атал чи янхандлын төлөө өөртөө зүг бүрээс ирүүлэхээр бүх хайртдаа чи бэлэг өгч, тэднийг хахуульддаг. Ийнхүү чи янхандал дотроо тэдгээр эмээс ялгаатай юм. Чи шан хөлс өгдөг, чамд шан хөлс өгдөггүй учир хэн ч чинийх шиг завхайрдаггүй. Ийнхүү чи ялгаатай юм. Тиймээс янхан аа, ЭЗЭНий үгийг сонс. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Чи тачаалаа асгаж, амрагуудтайгаа янхандан нүцгэн биеэ дэлгэсэн учраас мөн бүх жигшүүрт шүтээн болоод чиний тэдэнд өгсөн хөвгүүдийн чинь цусны төлөө, харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагийг чинь, бүр чиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд нүцгэн биеийг чинь бүхэлд нь харуулахын тулд нүцгэнийг чинь тэдэнд дэлгэх болно. Тийнхүү завхайрлыг үйлдсэн эсвэл цус урсгасан эмийг шүүх мэт чамайг Би шүүх болно. Би чам дээр уур хилэнгийн болон хардалтын цусыг авчирна. Мөн Би чамайг амрагуудын чинь гарт өгч, тэд бунхнуудыг чинь эвдэж, мөргөлийн өндөрлөгүүдийг чинь нурааж, хувцсыг чинь тайчин үнэт эдлэлийг чинь булаан авч, чамайг нүцгэн шалдан орхино. Тэд олон түмнийг чиний эсрэг турхирч, чамайг чулуугаар чулуудан сэлмүүдээрээ чамайг тасчина. Тэд гэрүүдийг чинь галдан шатааж, олон эмсийн нүдэн дээр чамд шүүхийг гүйцэлдүүлнэ. Би садар самууныг чинь зогсоож, цаашид чи биеэ үнэлсний хөлс төлөхөө болино. Тиймээс Би чиний эсрэг буй уур хилэнгээ номхруулж, хардалт минь чамаас салж, Би цаашид уурлахгүй тайтгарна. Чи залуу насныхаа өдрүүдийг эс санаж, харин энэ бүгдээр Намайг цухалдуулсан тул, харагтун, Би чиний замналыг толгой дээр чинь хариулна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Ингэснээр чи бусад бүх жигшүүр дээрээ нэмэн энэ булай явдлыг үйлдэхгүй. Харагтун, зүйрлэн адилтгах бүхэн нь чиний тухай зүйрлэл хэлэхдээ «Эх нь юун адил, охин нь тийн ижил» гэж хэлэх болно. Нөхөр, хүүхдээ жигшсэн эхийн охин нь чи мөн. Нөхөр, хүүхдээ жигшсэн эгч дүүсийн эгч дүү нь чи мөн. Эх чинь хит хүн, эцэг чинь амори хүн билээ. Өдгөө эгч чинь охидынхоо хамт чиний зүүн гарт амьдарч буй Самари юм. Охин дүү чинь охидынхоо хамт чиний баруун гарт амьдарч буй Содом юм. Гэвч чи тэдний замыг дагаад зогсохгүй, жигшүүрүүдийнх нь дагуу үйлдсэн. Багахан хугацаанд л чи бүхий л замналаараа тэднээс илүүгээр завхрав.” Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би амьд! Чиний бас охидын чинь хийсэн шиг зүйлсийг чиний охин дүү Содом ч тэр, охид нь ч тэр эс үйлдсэн билээ. Харагтун, чиний дүү Содомын хилэнц энэ байв. Тэр ба түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, налгар тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд гараа сунгаагүй. Тэд тийнхүү байж, Миний өмнө жигшүүрт үйлсийг үйлдсэн. Тиймээс Би хармагцаа тэднийг зайлуулсан. Самари ч чиний нүглүүдийн хагасыг ч эс үйлдэв. Учир нь чи тэднээс илүүгээр жигшүүрээ олшруулсан. Тийнхүү чи үйлдсэн хамаг жигшүүрээрээ эгч дүүсээ зөвт болгов. Иймд эгч дүүсээ шүүгч чи ичгүүрээ үүр. Үйлдсэн нүглүүд чинь тэднийхээс илүү гутамшигтай тул тэд чамаас илүү зөвт юм. Ийнхүү эгч дүүсээ илүү зөвт болгосон тул чи, ичиж зовон, доромжлолоо үүр. Тэгэвч Би Содом ба түүний охидыг, Самари ба түүний охидыг олзноос сэргээн мөн тэдний хамт өөрийг чинь олзноос гаргана. Энэ нь чи тэдний хувьд тайтгарал болох үедээ гутамшиг үүрч, үйлдсэн бүхнийхээ төлөө ичгүүрийг амсахын тулд юм. Эгч дүүс чинь, Содом охидтойгоо хамт, Самари охидтойгоо хамт урьдынхаа газарт буцаж, бас чи охидтойгоо хамт урьдынхаа газарт эргэж ирнэ. Бардамналын чинь өдөрт чиний охин дүү Содомын нэр уруулаас чинь дурсагдаагүйтэй адил (энэ нь хилэнцэт явдал чинь дэлгэгдэхээс өмнө) одоо чи Едомын охид ба түүний эргэн тойрон дахь бүхний, чамайг тойрон зэвүүцэх филистчүүдийн охидын тохуу болж байна. Чи булай явдал хийгээд жигшүүрүүдийнхээ шийтгэлийг үүрч байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.” Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Би бас чиний үйлдсэнчлэн чамд үйлдэнэ. Чи гэрээг зөрчсөнөөрөө тангаргийг жигшсэн. Гэсэн ч залуу насны чинь өдрүүдэд чамтай байгуулсан гэрээгээ Би санаж, чамтай мөнхийн гэрээг байгуулна. Тэгээд чи замуудаа санаж, өөрийн эгч дүүс болох эгч ба охин дүү хоёрыг хүлээн авахдаа чи ичих болно. Би тэднийг чамд охид болгон өгөх боловч энэ нь гэрээнээс чинь болоогүй юм. Ийнхүү Би чамтай гэрээгээ байгуулаад, чи Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Энэ нь үйлдсэн бүхний чинь төлөө Би чамайг уучлах цагт, чи санан ичиж, доромжлолоосоо болж дахин хэзээ ч амаа нээхгүйн тулд юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.