Езекиел 16

16
Итгэл эвдсэн сүйт бүсгүй
1Дараа нь ЭЗЭНий үг надад ирж
2Хүний хүү чи, жигшүүрүүдийг нь Иерусалимд мэдүүлж, 3хэлэгтүн. “Эзэн БУРХАН Иерусалимд ингэж айлдаж байна. «Уг гарал үүсэл чинь канаанчуудын нутгаас агаад чи тэнд төрсөн. Эцэг чинь амори#16:3 амори ба хит: Эдгээр үндэстнийг израильчууд ёс суртахуунгүй, буруу шүтлэгтэн гэж үздэг байжээ. эх чинь хит хүн байсан. 4Төрсний чинь тухайд бол төрсөн өдөртөө хүй чинь таслагдаагүй, цэвэрлэх гэж чамайг усаар ч угаагаагүй. Чи давсаар ч үрүүлээгүй, даавуугаар ч өлгийдүүлээгүй. 5Чамайг өрөвдөн эдгээр үйлийн нэгийг ч болов чамд үйлдэхээр нэг ч нүд чамайг энэрэн хараагүй. Харин чамайг хээр талд хаясан. Учир нь чи төрсөн тэр өдөртөө жигшигджээ. 6Би дэргэдүүр чинь өнгөрч, чамайг цусандаа тийчлэн байхыг харсан. Цусан дундаа хэвтэж байхад чинь Би чамд “Амьдар, 7хээрийн өвс ногоо адил өсөж торни” гэж айлдсан билээ. Тэгээд чи өсөөд, өндөр болж, сайхан чимэглэл зүүх насанд хүрчээ. Хөх чинь томорч, үс чинь ургаж гүйцэв. Гэсэн ч чи нүцгэн, шалдан байв. 8Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, үзэгтүн, чи хайрлуулах насан дээрээ байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж нүцгэнийг чинь халхалсан. Би бас чамд тангараглан чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 9«Тэгээд Би чамайг усанд булхан чамаас цусыг чинь угаан чамайг тосоор тосолсон. 10Би бас чамайг хатгамалтай хувцсаар хувцаслаж, хөлд чинь далайн гахайн арьсан шаахайг өмсгөсөн. Би чамайг нарийн маалингаар ороож, торгоор бүрэв. 11Би чамайг гоёлоор гоёхдоо гарт чинь бугуйвч хийж, хүзүүнд чинь зүүлт зүүлгэж 12Би бас хамарт чинь гархи хийж, чихэнд чинь ээмэг зүүгээд, толгой дээр чинь үзэсгэлэнт титмийг тавилаа. 13Ийнхүү чи алт, мөнгөөр гоёж, өмсгөл чинь нарийн маалинга, торго ба хатгамалтай даавуугаар хийгджээ. Чи сайн гурил, зөгийн бал, тосыг идэв. Тиймээс чи ихэд үзэсгэлэн гоо, хатан мэт тэргүүн алдартай болсон. 14Дараа нь гоо үзэсгэлэнгээс чинь болж чиний нэр алдар үндэстнүүдийн дунд тархав. Учир нь чамд Миний соёрхсон сүр жавхлангаас минь болж энэ нь төгс байсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15«Даанч чи, гоо үзэсгэлэндээ найдаж, нэр алдраараа садарлан хажуугаар өнгөрөгч болгон дээр янхандалаа асган өөрийгөө тавьж өгсөн. 16Чи зарим хувцаснуудаа авч, өнгө бүрийн мөргөлийн өндөрлөгүүдийг өөрсдөдөө бий болгож, хийх ёсгүй, хойшид ч тохиолдохгүй тийм садар самууныг тэдэн дээр үйлдэв. 17Бас Миний чамд өгсөн алт, мөнгөөр минь хийсэн үзэсгэлэнт эрдэнэсийг авч, өөртөө садар самуун үйлдэхээр эрэгтэй хөрөг дүрс хийсэн. 18Дараа нь чи хатгамалтай хувцаснуудаа авч, тэднийг бүтээн тос, утлагыг минь тэдний өмнө өргөв. 19Мөн чамд өгсөн Миний талх хийгээд чамайг тэжээсэн сайн гурил, тос, зөгийн балыг чи тэдний өмнө тааламжит үнэр болгож өргөв. Тийнхүү энэ нь тохиолдов» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 20«Үүнээс гадна, Надад төрүүлсэн хөвгүүд, охидоо чи авч, тэднийг шүтээнүүдэд идүүлэхээр тахив. Янхандах чинь хэтрээгүй юу? 21Чи хүүхдүүдийг минь нядалж, тэднийг гал дундуур гарган шүтээнүүдэд өргөсөн. 22Бүх жигшүүр, янхандал дотроо чи нүцгэн шалдан, цусандаа тийчлэн байсан залуу насныхаа өдрүүдийг санаагүй. 23Тэгээд бүх хилэнцэт явдлынхаа хойно (“Чи золгүй еэ, золгүй еэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.) 24чи өөртөө бунхан барьж, талбай болгонд өөртөө мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон. 25Гудамж болгоны үзүүрт чи өөртөө мөргөлийн өндөрлөгүүд барьж, гоо үзэсгэлэнгээ жигшүүр болгож, янхандалаа ихэсгэхээр хажуугаар өнгөрөгч болгон уруу хөлөө сунгасан. 26Бас тачаангуй хөрш египетчүүдтэйгээ чи садарлаж, Намайг уурлуулахаар янхандалаа олшруулсан. 27Одоо харагтун. Би чиний эсрэг мутраа сунган хүнсний хангамжийг чинь хаслаа. Чамайг үзэн яддаг, булай явдлаас чинь ичсэн филистчүүдийн охидын хүсэлд Би чамайг тушаалаа. 28Түүгээр ч барахгүй, чи ханаагүй учраас ассиричуудтай садар самууныг үйлдэв. Чи тэдэнтэй садар самууныг үйлдсэн ч бас ханаагүй. 29Чи бас худалдаачдын газар Халдеитай янхандлыг үлэмж ихээр үйлдсэн боловч үүгээр ч чи ханасангүй. 30Энэ бүх зүйл буюу ичгүүргүй янхан эмийн үйлдлийг хийж байхад зүрх чинь юутай их доройтов оо!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.” 31“Чи гудамж болгоны эхэнд бунхнаа барьж, талбай болгонд мөргөлийн өндөрлөгүүдээ хийж байхдаа шан хөлсийг басамжилснаар чи янхантай адил байгаагүй. 32Чи нөхрийнхөө оронд танихгүй эрийг авдаг завхай эхнэр юм. 33Эрчүүд бүх янхан эмд бэлэг өгдөг атал чи янхандлын төлөө өөртөө зүг бүрээс ирүүлэхээр бүх хайртдаа чи бэлэг өгч, тэднийг хахуульддаг. 34Ийнхүү чи янхандал дотроо тэдгээр эмээс ялгаатай юм. Чи шан хөлс өгдөг, чамд шан хөлс өгдөггүй учир хэн ч чинийх шиг завхайрдаггүй. Ийнхүү чи ялгаатай юм.
35Тиймээс янхан аа, ЭЗЭНий үгийг сонс. 36Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Чи тачаалаа асгаж, амрагуудтайгаа янхандан нүцгэн биеэ дэлгэсэн учраас мөн бүх жигшүүрт шүтээн болоод чиний тэдэнд өгсөн хөвгүүдийн чинь цусны төлөө, 37харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагийг чинь, бүр чиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд нүцгэн биеийг чинь бүхэлд нь харуулахын тулд нүцгэнийг чинь тэдэнд дэлгэх болно. 38Тийнхүү завхайрлыг үйлдсэн эсвэл цус урсгасан эмийг шүүх мэт чамайг Би шүүх болно. Би чам дээр уур хилэнгийн болон хардалтын цусыг авчирна. 39Мөн Би чамайг амрагуудын чинь гарт өгч, тэд бунхнуудыг чинь эвдэж, мөргөлийн өндөрлөгүүдийг чинь нурааж, хувцсыг чинь тайчин үнэт эдлэлийг чинь булаан авч, чамайг нүцгэн шалдан орхино. 40Тэд олон түмнийг чиний эсрэг турхирч, чамайг чулуугаар чулуудан сэлмүүдээрээ чамайг тасчина. 41Тэд гэрүүдийг чинь галдан шатааж, олон эмсийн нүдэн дээр чамд шүүхийг гүйцэлдүүлнэ. Би садар самууныг чинь зогсоож, цаашид чи биеэ үнэлсний хөлс төлөхөө болино. 42Тиймээс Би чиний эсрэг буй уур хилэнгээ номхруулж, хардалт минь чамаас салж, Би цаашид уурлахгүй тайтгарна. 43Чи залуу насныхаа өдрүүдийг эс санаж, харин энэ бүгдээр Намайг цухалдуулсан тул, харагтун, Би чиний замналыг толгой дээр чинь хариулна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Ингэснээр чи бусад бүх жигшүүр дээрээ нэмэн энэ булай явдлыг үйлдэхгүй. 44Харагтун, зүйрлэн адилтгах бүхэн нь чиний тухай зүйрлэл хэлэхдээ «Эх нь юун адил, охин нь тийн ижил» гэж хэлэх болно. 45Нөхөр, хүүхдээ жигшсэн эхийн охин нь чи мөн. Нөхөр, хүүхдээ жигшсэн эгч дүүсийн эгч дүү нь чи мөн. Эх чинь хит хүн, эцэг чинь амори хүн билээ. 46Өдгөө эгч чинь охидынхоо хамт чиний зүүн гарт амьдарч буй Самари юм. Охин дүү чинь охидынхоо хамт чиний баруун гарт амьдарч буй Содом юм. 47Гэвч чи тэдний замыг дагаад зогсохгүй, жигшүүрүүдийнх нь дагуу үйлдсэн. Багахан хугацаанд л чи бүхий л замналаараа тэднээс илүүгээр завхрав.” 48Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би амьд! Чиний бас охидын чинь хийсэн шиг зүйлсийг чиний охин дүү Содом ч тэр, охид нь ч тэр эс үйлдсэн билээ. 49Харагтун, чиний дүү Содомын хилэнц энэ байв. Тэр ба түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, налгар тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд гараа сунгаагүй. 50Тэд тийнхүү байж, Миний өмнө жигшүүрт үйлсийг үйлдсэн. Тиймээс Би хармагцаа тэднийг зайлуулсан. 51Самари ч чиний нүглүүдийн хагасыг ч эс үйлдэв. Учир нь чи тэднээс илүүгээр жигшүүрээ олшруулсан. Тийнхүү чи үйлдсэн хамаг жигшүүрээрээ эгч дүүсээ зөвт болгов. 52Иймд эгч дүүсээ шүүгч чи ичгүүрээ үүр. Үйлдсэн нүглүүд чинь тэднийхээс илүү гутамшигтай тул тэд чамаас илүү зөвт юм. Ийнхүү эгч дүүсээ илүү зөвт болгосон тул чи, ичиж зовон, доромжлолоо үүр. 53Тэгэвч Би Содом ба түүний охидыг, Самари ба түүний охидыг олзноос сэргээн мөн тэдний хамт өөрийг чинь олзноос гаргана. 54Энэ нь чи тэдний хувьд тайтгарал болох үедээ гутамшиг үүрч, үйлдсэн бүхнийхээ төлөө ичгүүрийг амсахын тулд юм. 55Эгч дүүс чинь, Содом охидтойгоо хамт, Самари охидтойгоо хамт урьдынхаа газарт буцаж, бас чи охидтойгоо хамт урьдынхаа газарт эргэж ирнэ. 56Бардамналын чинь өдөрт чиний охин дүү Содомын нэр уруулаас чинь дурсагдаагүйтэй адил 57(энэ нь хилэнцэт явдал чинь дэлгэгдэхээс өмнө) одоо чи Едомын охид ба түүний эргэн тойрон дахь бүхний, чамайг тойрон зэвүүцэх филистчүүдийн охидын тохуу болж байна. 58Чи булай явдал хийгээд жигшүүрүүдийнхээ шийтгэлийг үүрч байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.”
Мөнхийн гэрээ
59Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Би бас чиний үйлдсэнчлэн чамд үйлдэнэ. Чи гэрээг зөрчсөнөөрөө тангаргийг жигшсэн. 60Гэсэн ч залуу насны чинь өдрүүдэд чамтай байгуулсан гэрээгээ Би санаж, чамтай мөнхийн гэрээг байгуулна. 61Тэгээд чи замуудаа санаж, өөрийн эгч дүүс болох эгч ба охин дүү хоёрыг хүлээн авахдаа чи ичих болно. Би тэднийг чамд охид болгон өгөх боловч энэ нь гэрээнээс чинь болоогүй юм. 62Ийнхүү Би чамтай гэрээгээ байгуулаад, чи Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 63Энэ нь үйлдсэн бүхний чинь төлөө Би чамайг уучлах цагт, чи санан ичиж, доромжлолоосоо болж дахин хэзээ ч амаа нээхгүйн тулд юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 16: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна