Даниел 11:36-45
Даниел 11:36-45 АБ2013
Тэгээд хаан хүссэнээ хийж, өөрийгөө аливаа бурхнаас илүү дээдлэн өргөмжилж, бурхдын Бурханы эсрэг доромжлолыг ярих болно. Уур хилэн зогсох хүртэл тэрээр амжилт олно. Учир нь тогтоогдсон нь биелэгдэх болно. Тэрээр эцэг өвгөдийнхөө бурхдыг ч, эмэгтэйчүүдийн хүсэмжилдэг юмсыг ч мөн бусад ямар ч бурхдыг үл хүндэтгэнэ. Тэрээр өөрийгөө л тэр бүхнээс дээгүүр өргөмжилнө. Харин оронд нь тэрээр бат бэх цайзуудын бурхныг буюу эцэг өвгөдийнхөө мэддэггүй байсан бурхныг алт, мөнгө, үнэт чулуу, эрдэнэсээр хүндэтгэнэ. Тэрээр харийн бурхны тусламжтайгаар хамгийн бат цайзуудын эсрэг довтолно. Өөрийг нь хүлээн зөвшөөрөгчдөд тэрбээр агуу хүндэтгэл үзүүлж, тэднээр олныг захируулж, шагнал болгон тэдэнд газар хувааж өгнө. Эцсийн цагт өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөж, умард зүгийн хаан тэрэгт цэрэг, морьт цэрэг, олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерлэн хальж өнгөрнө. Тэрээр бас Үзэсгэлэнт оронд нэвтрэн орж, олныг устгана. Харин Едом, Моаб, Аммоны хөвгүүдийн шилдэг хөвгүүд гараас нь аврагдана. Тэрээр бусад улсуудын эсрэг гараа сунгах бөгөөд Египет ч гараас нь эс мултарна. Харин тэрээр нууцлагдсан алт, мөнгө, Египетийн бүх үнэт эрх мэдлийг гартаа авна. Ливичүүд, етиопчууд хөлийнх нь дор мөлхөцгөөх болно. Гэвч дорно хийгээд умард зүгээс ирсэн цуу үгс түүнийг хямрааж, тэрээр олныг хядаж устгахаар уур хилэнтэйгээр гарах болно. Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацраа босгоно. Харин хэн ч түүнд туслахгүй, төгсгөл нь ирнэ.