Даниел 11

11
1Меде хүн Дариусын анхдугаар онд би түүний туслагч бөгөөд хамгаалагчаар зогсов.
2Одоо би чамд үнэнийг хэлье. Харагтун, Перст гурван өөр хаан босож, дөрөв дэх нь тэд бүгдээс хамаагүй илүү баялагтай байна. Тэрээр баялгаараа хүчтэй болмогцоо, бүхэл хаант улсыг Грекийн ноёрхлын эсрэг болгож өдөөнө. 3Хүчирхэг хаан гарч, агуу их эрх мэдлээр захирч, хүссэн зүйлээ үйлдэх болно. 4Харин түүнийг оргилдоо хүрмэгц, хаанчлал нь нураагдаж, ертөнцийн дөрвөн зүгт хуваагдана. Энэ нь үр удамд хүртэхгүй, түүний олж авсан эрх мэдлийн дагуу ч хуваагдахгүй мөн улс гүрэн нь үндсээрээ таслагдаж, бусдад очно. 5Дараа нь өмнө зүгийн хаан жононгуудынхаа нэгэнтэй хамт хүчтэй болох бөгөөд тэр жонон түүнээс илүү хүчтэй болж эрх мэдлийг олно. Эрх мэдэл нь үнэхээр агуу их болно. 6Хэдэн жилийн дараа тэд түншилж, өмнө зүгийн хааны охин эвийн гэрээ байгуулахын тулд умард зүгийн хаанд очно. Харин гүнж ч хүчээ хадгалахгүй, хаан ч мөн хүчээ үлдээхгүй. Харин тэр өдрүүдэд гүнж, бараа бологчид нь, төрүүлсэн нэгэн нь, бэхжүүлж байсан нэгэн нь бүгд хороогдоно. 7Харин гүнжийн удам угсааны нэг хүн оронд нь гарч ирээд, умард зүгийн хааны цэргийн эсрэг босож, цайзад нь цөмрөн орж, тэдний эсрэг байлдаж хүчээ харуулна. 8Тэгээд бурхдыг нь цутгамал шүтээнтэй нь, үнэт алт мөнгөн савнуудыг тэрээр Египет уруу олзлон аваачиж, хэдэн жилийн туршид умард зүгийн хааныг дайрахгүй. 9Дараа нь умард зүгийн хаан өмнө зүгийн хааны эзэмшил нутагт нэвтрэн орох боловч нутагтаа буцна. 10Хөвгүүд нь дайныг өдөөж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээр нь үерлэн ирээд хальж, буцаад нөгөөхийн бат цайзыг хүртэл довтолно. 11Өмнө зүгийн хаан хорсож, умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь өмнө зүгийн хааны гарт автана. 12Олныг олзолсны дараагаар түүний зүрх омог дээрэнгүй болж, тэрээр түм түмээр устгавч хүчирхэг болохгүй. 13Учир нь умард зүгийн хаан дахин урьдынхаас илүү олон цэргийг цуглуулж, хэдэн жилийн дараа бүрэн зэвсэглэсэн их цэрэгтэйгээ дахин довтолно. 14Тэр үед олон хүн өмнө зүгийн хааны эсрэг босно. Чиний ард түмний дундаас хэрцгий хүмүүс үзэгдлийг биелүүлэх гэж өөрсдийгөө өргөмжлөх боловч тэд унах болно. 15Тэгээд умард зүгийн хаан ирж, бүслэлтийн овоо босгож, бат бэхлэгдсэн хотыг эзлэн авна. Өмнө зүгийн хүчнүүд буюу шилдэг цэргүүд нь хүртэл түүнийг дийлж чадахгүй. Учир нь эсэргүүцэх хүч хүрэхгүй байх болно. 16Харин эсрэг ирэх хэн ч болов зоргоороо авирлах бөгөөд түүнийг дийлэх чадалтай хүн олдохгүй. Тэрээр гартаа хоосролыг барин Үзэсгэлэнт оронд хэсэг зуур байх болно. 17Тэрээр бүхэл хаанчлалынхаа хүчээр ирэх шийдвэр гаргаж, эв найрамдлын гэрээг хэрэгжүүлнэ. Хаанчлалыг устгахын тулд тэрээр#11:17 Сирийн хааныг хэлж байгаа бололтой. түүнд#11:17 Египетийн хааныг хэлж байгаа бололтой. нэгэн эмэгтэйг гэрлэлтээр өгөх авч энэ нь амжилт ч өгөхгүй, давуу тал нь ч болохгүй. 18Дараа нь тэрээр нүүрээ арлууд уруу хандуулж, олныг эзлэн авна. Харин нэгэн жанжин түүний даажигналыг эцэслэж, даажигналыг нь өөрийнх нь эсрэг эргүүлнэ. 19Ингээд тэрээр улсынхаа цайзууд уруу нүүрээ эргүүлэх боловч, бүдэрч унан, дахин олдохгүй болно. 20Дараа нь оронд нь гарч ирэх нэгэн өөрийн хаанчлалын сүр жавхлан дундуур татвар нэхэгчийг илгээнэ. Гэсэн ч тэрээр хэдэн өдрийн дараа хилэнгээр ч бус, дайнаар ч бус алагдана. 21Оронд нь хаанчлах хүндэтгэл олоогүй жигшүүрт хүн гарч ирэх ба тэрээр санамсаргүй ирж, зусраар хаанчлалыг олж авна. 22Үерийн ус шиг халих хүчнүүд түүний өмнө хамагдан арилна. Гэрээний жонон ч мөн адил. 23Түүнтэй гэрээ хэлэлцээр байгуулсны дараа тэрээр мэхэлсээр байх бөгөөд бага ард түмнээр хүч олно. 24Тэрээр санамсаргүйгээр ноёрхлын хамгийн нүнжигтэй газар нэвтрэн орж, эцгүүд болон эцэг өвгөдийнхөө хийгээгүйг үйлдэнэ. Тэрээр дээрэмдэн булааж, олзолж авсан зүйлс, эд баялгийг тэдэнд тарааж өгнө. Тэр цайзуудыг эзлэхийг төлөвлөвч энэ нь хэсэг зуур л явагдана. 25Тэрээр их цэргийг дагуулан сүр хүч болон сэтгэл зоригоо өмнө зүгийн хааны эсрэг илэрхийлнэ. Өмнө зүгийн хаан ч дайтахаар ихэд олон, маш хүчтэй цэргийг бэлтгэх боловч түүний эсрэг гарсан хуйвалдаануудаас болж эс дийлнэ. 26Шилмэл идээг хүртэгсэд өөрийг нь хөнөөж, цэрэг нь бутран олноороо алагдан унана. 27Энэ хоёр хааны зүрх нь ёрын бачтай бөгөөд тэд нэг ширээнээ байхдаа худал яривч амжилтад хүрэхгүй. Учир нь эцэс нь тогтоогдсон цаг болой. 28Тэгээд тэрээр нутагтаа их олз баялагтай буцах болно. Харин зүрх нь ариун гэрээний эсрэг байх бөгөөд тэрээр үйлдэлээ хийгээд, нутагтаа буцна. 29Тогтоогдсон цагт тэрээр буцаж ирээд өмнө зүг явах боловч энэ удаагийнх нь өмнөхтэй нь адилгүй байна. 30Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг ирнэ. Тиймээс тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн үйлдэлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд, ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ. 31Цэргийн хүчин босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тавина.#Дан 9:27, 12:11; Мт 24:15; Мк 13:14 32Тэрээр гэрээний эсрэг бурууг үйлдэгчдийг бурхангүй байдал уруу ялдам үгсээр эргүүлнэ. Харин Бурханаа мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ. 33Ард түмний дундаас хэрсүү ухаантнууд олонд зааварлах боловч тэд нэг хэсэгтээ сэлэмний ир, галд унаж, олзлогдон тонуулна. 34Тэд доройтон унах үедээ бага зэрэг л тусламж авна. Гэвч олноороо зусардан тэдэнтэй нэгдэнэ. 35Тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд хэрсүү ухаантай зарим нь унана. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна.
36Тэгээд хаан хүссэнээ хийж, өөрийгөө аливаа бурхнаас илүү дээдлэн өргөмжилж, бурхдын Бурханы эсрэг доромжлолыг ярих болно. Уур хилэн зогсох хүртэл тэрээр амжилт олно. Учир нь тогтоогдсон нь биелэгдэх болно.#2Тс 2:3–4; Илч 13:5–6 37Тэрээр эцэг өвгөдийнхөө бурхдыг ч, эмэгтэйчүүдийн хүсэмжилдэг юмсыг ч мөн бусад ямар ч бурхдыг үл хүндэтгэнэ. Тэрээр өөрийгөө л тэр бүхнээс дээгүүр өргөмжилнө. 38Харин оронд нь тэрээр бат бэх цайзуудын бурхныг буюу эцэг өвгөдийнхөө мэддэггүй байсан бурхныг алт, мөнгө, үнэт чулуу, эрдэнэсээр хүндэтгэнэ. 39Тэрээр харийн бурхны тусламжтайгаар хамгийн бат цайзуудын эсрэг довтолно. Өөрийг нь хүлээн зөвшөөрөгчдөд тэрбээр агуу хүндэтгэл үзүүлж, тэднээр олныг захируулж, шагнал болгон тэдэнд газар хувааж өгнө.
Эцсийн цаг
40Эцсийн цагт өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөж, умард зүгийн хаан тэрэгт цэрэг, морьт цэрэг, олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерлэн хальж өнгөрнө. 41Тэрээр бас Үзэсгэлэнт оронд нэвтрэн орж, олныг устгана. Харин Едом, Моаб, Аммоны хөвгүүдийн шилдэг хөвгүүд гараас нь аврагдана. 42Тэрээр бусад улсуудын эсрэг гараа сунгах бөгөөд Египет ч гараас нь эс мултарна. 43Харин тэрээр нууцлагдсан алт, мөнгө, Египетийн бүх үнэт эрх мэдлийг гартаа авна. Ливичүүд, етиопчууд хөлийнх нь дор мөлхөцгөөх болно. 44Гэвч дорно хийгээд умард зүгээс ирсэн цуу үгс түүнийг хямрааж, тэрээр олныг хядаж устгахаар уур хилэнтэйгээр гарах болно. 45Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацраа босгоно. Харин хэн ч түүнд туслахгүй, төгсгөл нь ирнэ.

Одоогоор Сонгогдсон:

Даниел 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна