Даниел 11:21-35
Даниел 11:21-35 АБ2013
Оронд нь хаанчлах хүндэтгэл олоогүй жигшүүрт хүн гарч ирэх ба тэрээр санамсаргүй ирж, зусраар хаанчлалыг олж авна. Үерийн ус шиг халих хүчнүүд түүний өмнө хамагдан арилна. Гэрээний жонон ч мөн адил. Түүнтэй гэрээ хэлэлцээр байгуулсны дараа тэрээр мэхэлсээр байх бөгөөд бага ард түмнээр хүч олно. Тэрээр санамсаргүйгээр ноёрхлын хамгийн нүнжигтэй газар нэвтрэн орж, эцгүүд болон эцэг өвгөдийнхөө хийгээгүйг үйлдэнэ. Тэрээр дээрэмдэн булааж, олзолж авсан зүйлс, эд баялгийг тэдэнд тарааж өгнө. Тэр цайзуудыг эзлэхийг төлөвлөвч энэ нь хэсэг зуур л явагдана. Тэрээр их цэргийг дагуулан сүр хүч болон сэтгэл зоригоо өмнө зүгийн хааны эсрэг илэрхийлнэ. Өмнө зүгийн хаан ч дайтахаар ихэд олон, маш хүчтэй цэргийг бэлтгэх боловч түүний эсрэг гарсан хуйвалдаануудаас болж эс дийлнэ. Шилмэл идээг хүртэгсэд өөрийг нь хөнөөж, цэрэг нь бутран олноороо алагдан унана. Энэ хоёр хааны зүрх нь ёрын бачтай бөгөөд тэд нэг ширээнээ байхдаа худал яривч амжилтад хүрэхгүй. Учир нь эцэс нь тогтоогдсон цаг болой. Тэгээд тэрээр нутагтаа их олз баялагтай буцах болно. Харин зүрх нь ариун гэрээний эсрэг байх бөгөөд тэрээр үйлдэлээ хийгээд, нутагтаа буцна. Тогтоогдсон цагт тэрээр буцаж ирээд өмнө зүг явах боловч энэ удаагийнх нь өмнөхтэй нь адилгүй байна. Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг ирнэ. Тиймээс тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн үйлдэлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд, ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ. Цэргийн хүчин босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тавина. Тэрээр гэрээний эсрэг бурууг үйлдэгчдийг бурхангүй байдал уруу ялдам үгсээр эргүүлнэ. Харин Бурханаа мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ. Ард түмний дундаас хэрсүү ухаантнууд олонд зааварлах боловч тэд нэг хэсэгтээ сэлэмний ир, галд унаж, олзлогдон тонуулна. Тэд доройтон унах үедээ бага зэрэг л тусламж авна. Гэвч олноороо зусардан тэдэнтэй нэгдэнэ. Тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд хэрсүү ухаантай зарим нь унана. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна.