Даниел 11:1-20

Даниел 11:1-20 АБ2013

Меде хүн Дариусын анхдугаар онд би түүний туслагч бөгөөд хамгаалагчаар зогсов. Одоо би чамд үнэнийг хэлье. Харагтун, Перст гурван өөр хаан босож, дөрөв дэх нь тэд бүгдээс хамаагүй илүү баялагтай байна. Тэрээр баялгаараа хүчтэй болмогцоо, бүхэл хаант улсыг Грекийн ноёрхлын эсрэг болгож өдөөнө. Хүчирхэг хаан гарч, агуу их эрх мэдлээр захирч, хүссэн зүйлээ үйлдэх болно. Харин түүнийг оргилдоо хүрмэгц, хаанчлал нь нураагдаж, ертөнцийн дөрвөн зүгт хуваагдана. Энэ нь үр удамд хүртэхгүй, түүний олж авсан эрх мэдлийн дагуу ч хуваагдахгүй мөн улс гүрэн нь үндсээрээ таслагдаж, бусдад очно. Дараа нь өмнө зүгийн хаан жононгуудынхаа нэгэнтэй хамт хүчтэй болох бөгөөд тэр жонон түүнээс илүү хүчтэй болж эрх мэдлийг олно. Эрх мэдэл нь үнэхээр агуу их болно. Хэдэн жилийн дараа тэд түншилж, өмнө зүгийн хааны охин эвийн гэрээ байгуулахын тулд умард зүгийн хаанд очно. Харин гүнж ч хүчээ хадгалахгүй, хаан ч мөн хүчээ үлдээхгүй. Харин тэр өдрүүдэд гүнж, бараа бологчид нь, төрүүлсэн нэгэн нь, бэхжүүлж байсан нэгэн нь бүгд хороогдоно. Харин гүнжийн удам угсааны нэг хүн оронд нь гарч ирээд, умард зүгийн хааны цэргийн эсрэг босож, цайзад нь цөмрөн орж, тэдний эсрэг байлдаж хүчээ харуулна. Тэгээд бурхдыг нь цутгамал шүтээнтэй нь, үнэт алт мөнгөн савнуудыг тэрээр Египет уруу олзлон аваачиж, хэдэн жилийн туршид умард зүгийн хааныг дайрахгүй. Дараа нь умард зүгийн хаан өмнө зүгийн хааны эзэмшил нутагт нэвтрэн орох боловч нутагтаа буцна. Хөвгүүд нь дайныг өдөөж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээр нь үерлэн ирээд хальж, буцаад нөгөөхийн бат цайзыг хүртэл довтолно. Өмнө зүгийн хаан хорсож, умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь өмнө зүгийн хааны гарт автана. Олныг олзолсны дараагаар түүний зүрх омог дээрэнгүй болж, тэрээр түм түмээр устгавч хүчирхэг болохгүй. Учир нь умард зүгийн хаан дахин урьдынхаас илүү олон цэргийг цуглуулж, хэдэн жилийн дараа бүрэн зэвсэглэсэн их цэрэгтэйгээ дахин довтолно. Тэр үед олон хүн өмнө зүгийн хааны эсрэг босно. Чиний ард түмний дундаас хэрцгий хүмүүс үзэгдлийг биелүүлэх гэж өөрсдийгөө өргөмжлөх боловч тэд унах болно. Тэгээд умард зүгийн хаан ирж, бүслэлтийн овоо босгож, бат бэхлэгдсэн хотыг эзлэн авна. Өмнө зүгийн хүчнүүд буюу шилдэг цэргүүд нь хүртэл түүнийг дийлж чадахгүй. Учир нь эсэргүүцэх хүч хүрэхгүй байх болно. Харин эсрэг ирэх хэн ч болов зоргоороо авирлах бөгөөд түүнийг дийлэх чадалтай хүн олдохгүй. Тэрээр гартаа хоосролыг барин Үзэсгэлэнт оронд хэсэг зуур байх болно. Тэрээр бүхэл хаанчлалынхаа хүчээр ирэх шийдвэр гаргаж, эв найрамдлын гэрээг хэрэгжүүлнэ. Хаанчлалыг устгахын тулд тэрээр түүнд нэгэн эмэгтэйг гэрлэлтээр өгөх авч энэ нь амжилт ч өгөхгүй, давуу тал нь ч болохгүй. Дараа нь тэрээр нүүрээ арлууд уруу хандуулж, олныг эзлэн авна. Харин нэгэн жанжин түүний даажигналыг эцэслэж, даажигналыг нь өөрийнх нь эсрэг эргүүлнэ. Ингээд тэрээр улсынхаа цайзууд уруу нүүрээ эргүүлэх боловч, бүдэрч унан, дахин олдохгүй болно. Дараа нь оронд нь гарч ирэх нэгэн өөрийн хаанчлалын сүр жавхлан дундуур татвар нэхэгчийг илгээнэ. Гэсэн ч тэрээр хэдэн өдрийн дараа хилэнгээр ч бус, дайнаар ч бус алагдана.