2Коринт 10:3-18
2Коринт 10:3-18 АБ2013
Учир нь бид махбодод алхдаг ч, махбодын дагуу дайтдаггүй. Бидний байлдааны зэвсэг нь махбодынх бус, харин ялагдашгүйг ч ялж чадах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхлийг нурааж, Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолдог. Та нарын дуулгавар биелэгдэх үед бид бүх дуулгаваргүйг шийтгэхэд бэлэн байна. Та нар юмсыг гадна байдлаар нь хардаг. Хэрвээ хэн нэгэн нь өөрийгөө Христийнх гэдэгт итгэлтэй байдаг бол тэр өөрийгөө шалгаг. Тэр өөрийгөө Христийнх мөн гэдгийн адил бид ч бас мөн. Та нарыг устгахын тулд бус, босгон байгуулахын тулд Эзэний бидэнд өгсөн эрх мэдлийн талаар би хальж сайрхсан ч ичихгүй байхсан. Тиймд би та нарыг захидлуудаараа айлгах гэсэн юм биш ээ. Учир нь тэд “Түүний захидлууд үнэндээ даацтай бөгөөд хүчтэй. Гэвч биеэрээ бол дорой бөгөөд үг яриа нь ч үл хайхрам” гэж ярьцгаадаг. Тийн бодогч нь биднийг хол байхдаа захидалдаа хүүрнэдэг шигээ хамт байхдаа ч тийм юм гэдгийг ойлгог. Учир нь бид өөрсдийгөө магтдаг хүмүүсийн тоонд орохыг, тэдэнтэй өөрсдийгөө харьцуулахыг эс зүрхэлнэ. Тэд өөрсдөө өөрсдийгөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг нь ухаангүй аж. Гэвч бид хэмжээгүйгээр сайрхахгүй. Харин та нарт хүрэхийн тулд Бурханы бидэнд ногдуулсан жишиг хэмжээнд л сайрхана. Бид та нарт хүрээгүй юм шиг өөрсдийгөө хэт сунгаагүй. Үнэндээ та нарт хүртэл Христийн сайнмэдээтэй ирсэн нь бид билээ. Бид хэрээс хэтэрч, бусдын зүдэл зүтгэлээр сайрхаагүй. Харин найдвар маань гэвэл итгэл чинь өсөх тусам та нарын дундах үйл ажиллагааны маань жишиг өргөсөж, та нараас цаашаа ч сайнмэдээ тунхаглагдах явдал юм. Ингэхдээ бусдын жишгээр хийчихсэн юмсаар бид сайрхахгүй. Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг. Учир нь өөрийгөө сайшаадаг нь бус, харин Эзэнээр сайшаагддаг нь шалгарна.