1Коринт 11:1-15

1Коринт 11:1-15 АБ2013

Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайгчид бай. Та нар бүх зүйл дээр намайг санаж, миний дамжуулж өгсөн уламжлалуудыг чанд сахидаг тул та нарыг би магтъя. Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эм хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн гэдгийг та нар мэдээсэй гэж би хүсэж байна. Залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойдоо өмсгөлтэй эр хүн бүр толгойгоо гутааж буй юм. Харин залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойгоо бүтээгээгүй эм хүн бүр толгойгоо гутааж буй юм. Энэ нь тэр эм үсээ хусуулсантай адил юм. Хэрэв эм хүн толгойгоо бүтээхгүй бол үсээ бас хяргаг. Гэвч үсээ хяргах, хусуулах нь эм хүнд ичгэвтэр байвал тэр толгойгоо бүтээг. Эр хүн толгойгоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн нь Бурханы дүр ба алдар мөн. Харин эм хүн эр хүний алдар юм. Учир нь эр хүн эм хүнээс бус, харин эм хүн эр хүнээс бий болсон. Үнэндээ эр хүн эм хүний төлөө бус, харин эм хүн эр хүний төлөө бүтээгдсэн юм. Тиймээс тэнгэрэлч нарын улмаас эм хүн толгой дээрээ эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой. Гэвч Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм. Учир нь эм хүн эр хүнээс буй болсончлон эр хүн эм хүнээр буй болсон. Харин бүгд Бурханаас болой. Эм хүн толгойгоо бүтээлгүй Бурханд залбирах нь зохистой юу? Өөрсдөө шүүцгээ. Хэрэв эр хүн урт үстэй байвал энэ нь түүнийг гутаадаг гэдгийг төрөлх байдал өөрөө та нарт сургадаг бус уу? Эм хүн урт үстэй бол энэ нь түүнд алдар бус уу? Учир нь үс нь түүнд өмсгөл болон өгөгджээ.