1Коринт 11

11
1Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайгчид бай.#1Ко 4:16; Флп 3:17
Толгойн бүтээлэг
2Та нар бүх зүйл дээр намайг санаж, миний дамжуулж өгсөн уламжлалуудыг чанд сахидаг тул та нарыг би магтъя. 3Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эм хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн гэдгийг та нар мэдээсэй гэж би хүсэж байна. 4Залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойдоо өмсгөлтэй эр хүн бүр толгойгоо гутааж буй юм. 5Харин залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойгоо бүтээгээгүй эм хүн бүр толгойгоо гутааж буй юм. Энэ нь тэр эм үсээ хусуулсантай адил юм. 6Хэрэв эм хүн толгойгоо бүтээхгүй бол үсээ бас хяргаг. Гэвч үсээ хяргах, хусуулах нь эм хүнд ичгэвтэр байвал тэр толгойгоо бүтээг. 7Эр хүн толгойгоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн нь Бурханы дүр ба алдар мөн. Харин эм хүн эр хүний алдар юм.#Эх 1:26–27 8Учир нь эр хүн эм хүнээс бус, харин эм хүн эр хүнээс бий болсон.#Эх 2:18–23 9Үнэндээ эр хүн эм хүний төлөө бус, харин эм хүн эр хүний төлөө бүтээгдсэн юм. 10Тиймээс тэнгэрэлч нарын улмаас эм хүн толгой дээрээ эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой. 11Гэвч Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм. 12Учир нь эм хүн эр хүнээс буй болсончлон эр хүн эм хүнээр буй болсон. Харин бүгд Бурханаас болой. 13Эм хүн толгойгоо бүтээлгүй Бурханд залбирах нь зохистой юу? Өөрсдөө шүүцгээ. 14Хэрэв эр хүн урт үстэй байвал энэ нь түүнийг гутаадаг гэдгийг төрөлх байдал өөрөө та нарт сургадаг бус уу? 15Эм хүн урт үстэй бол энэ нь түүнд алдар бус уу? Учир нь үс нь түүнд өмсгөл болон өгөгджээ. 16Хэн нэг нь маргаантай байхыг боддог бол тийм ёс бидэнд ч, Бурханы чуулгануудад ч үгүй билээ.
Эзэний зоог дээрх зохисгүй байдал
17Та нар сайнд бус харин ч мууд цугладаг болсон тул энэ зааврыг өгөхдөө би та нарыг сайшаахгүй. 18Учир нь нэгдүгээрт, та нар чуулгандаа цуглахдаа хагаралтай байгааг чинь би сонсов. Зарим талаар би үүнд үнэмшиж байна. 19Учир нь та нарын дунд шалгарсан хүмүүс тодрохын тулд дунд чинь бүлэглэлүүд үүсэх нь зайлшгүй. 20Тиймээс та нарын хамтдаа цуглах нь Эзэний зоогийг идэхийн тулд биш юм. 21Учир нь идэх болоход хүн бүр өөрийн хоолыг урьтаад авчихдаг бөгөөд нэг нь өлсөж байхад нөгөө нь согтуурч байна. 22Та нарт идэх уух гэр орон байхгүй юу? Эсвэл та нар Бурханы чуулганыг басамжлан, хоосон нэгнээ ичээж байна уу? Та нарт би юу хэлэх вэ? Та нарыг би магтана гэж үү? Үүний чинь төлөө би та нарыг магтахгүй.
Эзэний зоогийн ёс
23Учир нь би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан. Чухамхүү баригдсан тэр шөнөө Эзэн Есүс талх аваад, 24талархал өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. 25Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн.#Гэт 24:6–8; Иер 31:31–34 26Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг юм.
Эзэний зоогийн зохисгүй оролцогч
27Тиймд хэн нэгэн нь зохисгүйгээр Эзэний талхыг идэж, аяганаас уух аваас Эзэний бие ба цусны буруутан болно. 28Аливаа хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг. 29Учир нь идэж ууж буй хүн биеийг зөв нягтлалгүй идэж, уувал өөртөө шийтгэл авчирна. 30Үүнээс болж та нарын дунд сул дорой, өвчтэй нь олон байгаа бөгөөд нэлээд нь нойрсож байна. 31Бид өөрсдийгөө нягталсан бол шүүгдэхгүй байхсан. 32Харин бид шүүгдэхдээ ертөнцтэй хамт яллагдахгүйн тулд Эзэнээр сахилгаждаг. 33Тиймд ах дүүс минь, та нар идэхээр цуглахдаа нэг нэгнийгээ хүлээ. 34Та нар цуглахдаа шийтгэлд унахгүйн тулд өлссөн хүн байвал тэр нь гэртээ идэг. Үлдсэнийг нь би очоод зохицуулъя.

Одоогоор Сонгогдсон:

1Коринт 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна