YouVersion Logo
Search Icon

МАТАЙ 20

20
1Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажиллуулах хүмүүсийг хөлслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй төстэй юм. 2Тэр тэдэнд өдрийн нэг денар өгөхөөр ажилчидтай тохиролцон, тэднийг усан үзмийн тариалан уруугаа илгээв. 3Гуравдугаар цагийн орчим тэр гадагш гарч, зах дээр ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг хараад, 4тэдэнд “Та нар бас усан үзмийн тариалан уруу яв. Би та нарт шударгаар төлнө” гэсэнд тэд явжээ. 5Зургадугаар болон есдүгээр цагийн орчим тэр дахин гадагш гарч, түүнчлэн хүмүүсийг явуулав. 6Арван нэгдүгээр цагийн орчим тэр гадагш гарч, зогсож буй өөр хүмүүсийг олж, тэднээс “Та нар чинь юунд энд бүхэл өдрийн турш ажилгүй дэмий зогсоно вэ?” гэж асуусанд 7тэд “Биднийг хэн ч хөлсөлсөнгүй” гэв. Тэгэхэд нь тэр “Та нар бас усан үзмийн тариалан уруу яв” гэлээ. 8Орой болоход усан үзмийн тариалангийн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, эцсийн бүлгээс эхнийхийг хүртэл хөлсийг нь төл” гэжээ. 9Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн нь бүгд нэг нэг денараа хүртэв. 10Эхэнд ирсэн хүмүүс өөрсдийгөө илүү ихийг авна байх хэмээн бодсон авч мөн адил нэг нэг денар авчээ. 11Тэд хөлсөө аваад газрын эзэнд дургүйцэн, гомдоллож, 12“Энэ сүүлчийн хүмүүс ердөө нэг л цаг ажилласан шүү дээ. Ажлын хүндийг үүрч, өдрийн халуунд ажилласан биднийг тэдэнтэй адил үнэллээ” гэжээ. 13Гэвч эзэн тэдний нэгэнд “Анд минь, би чамд ямар ч буруу юм хийгээгүй. Чи нэг денараар ажиллана гэж надтай тохирсон биш үү? 14Өөрийнхөө хөлсийг аваад, замаараа явж үз. Харин би энэ сүүлчийн хүнд чамд өгсөнтэй адил хөлсийг өгөхийг хүсэж байна. 15Би өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурав уу?” гэжээ. 16Тиймээс сүүлчийнх нь эхнийх болж, эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлдав.
17Есүс Иерусалим өөд явах гэж байхдаа арван хоёр шавиа дэргэдээ аваад замдаа тэдэнд
18Харагтун, бид Иерусалим өөд явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар, хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллаж, 19харь үндэстэнд тушааж, тэд нараар доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.
20Тэгтэл Зебедеен хөвгүүдийн эх хөвгүүдийнхээ хамт Түүн дээр ирээд өмнө нь мөргөж, Түүнд хүсэлт тавив. 21Есүс түүнд
—Та юу хүсээ вэ? гэхэд тэр
—Та Өөрийнхөө хаанчлалд хоёр хүүгийн минь нэгийг нь Өөрийнхөө баруун талд, нөгөөг нь зүүн талдаа суу гэж тушаагаач гэв. 22Харин Есүс
—Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Миний уух аяганаас та нар ууж чадах уу? гэсэнд тэд
—Чадна гэцгээв. 23Тэр тэдэнд
—Та нар Миний аяганаас ууна. Харин Миний баруун, зүүн талд суухыг чинь Би шийдэхгүй. Харин энэ бол Миний Эцэгийн бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж хэлжээ. 24Үүнийг сонсоод арав нь ах дүү хоёрт зэвүүцэв. 25Харин Есүс тэднийг Өөртөө дуудаад,
—Харь үндэстний захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг захирах эрх мэдэл эдэлдгийг та нар мэднэ. 26Та нар тэгж болохгүй. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. 27Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог. 28Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ гэв.
29Тэднийг Иерихогоос гарч явахад асар олон хүмүүс Түүнийг дагаж байлаа. 30Үзэгтүн. Замын хажууд суугаа хоёр сохор Есүсийг дэргэдүүр нь өнгөрөхийг сонсоод,
—Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиралдав. 31Олон түмэн тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар
—Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхирав. 32Есүс зогсож тэднийг дуудаад,
—Өөрсдийнхөө төлөө Надаар юу хийлгэхийг хүснэ вэ? гэхэд, 33тэд
—Эзэн, нүд маань нээгдэхийг бид хүсэж байна гэв. 34Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь гар хүрэхэд тэр даруй тэд хараа орж Түүнийг дагалаа.

Currently Selected:

МАТАЙ 20: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy