YouVersion Logo
Search Icon

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 20

20
1Бурхан энэ бүх үгсийг айлдсан нь
2Би бол чамайг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргасан чиний Бурхан ЭЗЭН байна.
3Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.
4Чи өөртөө зориулан шүтээн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан доторх юмны ямар нэг дүрсийг бүү хий. 5Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг. 6Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг.
7Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд. Учир нь ЭЗЭН Өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй.
8Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун. 9Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, бүх ажлаа хий. 10Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй. 11Учир нь ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс ЭЗЭН Амралтын өдрийг ерөөн, тэр өдрийг ариун болгосон юм.
12Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно.
13Чи хүн бүү ал.
14Чи бүү завхайр.
15Чи бүү хулгайл.
16Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.
17Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр гэв.
18Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, бүрээн дуу, утаа багширсан уулыг харангуутаа айн дагжиж, холдон зогсоод, 19Мосед
—Та бидэнтэй яриач. Бид сонсоно. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхэх нь гэв. 20Мосе ард түмэнд
—Бүү айцгаа. Учир нь Бурхан та нарыг шалгахын тулд, мөн та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ Түүнээс эмээхүйг та нарт байлгахын тулд ирсэн юм гэв. 21Бурханы байгаа түнэр харанхуй уруу Мосе ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.
22ЭЗЭН Мосед
—Чи Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би тэнгэрээс та нартай ярихыг та нар өөрсдөө харлаа. 23Та нар Надаас өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад, эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий. 24Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь өөрсдийн шатаалт тахил, эвийн тахилыг, өөрсдийн хонь ба үхрүүдийг өргө. Би Өөрийн нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө. 25Хэрэв та нар Надад зориулан чулуугаар тахилын ширээ хийх гэвэл цавчсан чулуугаар бүү өр. Учир нь та нар чулууг багажаар засвал түүнийг бузарлах болно. 26Та нар Миний тахилын ширээ уруу шатаар бүү гар. Энэ нь та нарын нүцгэн бие түүн дээр үзэгдэхгүй байхын тулд юм.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy