YouVersion Logo
Search Icon

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 19

19
1Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв. 2Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллав. 3Мосе Бурхан уруу өгсөн очсонд, ЭЗЭН түүнийг уулаас дуудан
—Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл. 4“Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн, яаж Өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан. 5Одоо хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх. 6Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно”. Эдгээр үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.
7Тийнхүү Мосе ирж, ард түмний ахмадуудыг дуудан, өөрт нь ЭЗЭНий тушаасан эдгээр бүх үгсийг тэдэнд хэлэв. 8Бүх ард түмэн нийтээрээ
—ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд дамжуулав. 9ЭЗЭН Мосед
—Үзэгтүн, Миний чамтай ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв. 10Бас ЭЗЭН Мосед
—Ард түмэн уруу очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариусган хувцсыг нь угаалга. 11Тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ. 12Чи ард түмний төлөө уулын эргэн тойронд хүрээ татаад, “Уулан дээр гарах буюу хормойд нь хүрэхээс болгоомжил. Ууланд хүрсэн аливаа хүнийг заавал алах ёстой. 13Тэр хүнд гар хүрч болохгүй. Харин түүнийг чулуугаар шидэж, эсвэл сумаар харвах ёстой. Хүн ч бай, мал ч бай амьд үлдэх ёсгүй” гэж хэл. Хуцын эврэн бүрээ удаан хүнгэнэхэд тэд уул өөд гарч ир гэв. 14Тийнхүү Мосе уулаас буун ирж, ард түмнийг ариусгав. Тэд өөрсдийн хувцсыг угаав. 15Мосе ард түмэнд
—Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв.
16Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн, тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн дагжин чичрэв. 17Бурхантай уулзахаар Мосе ард түмнийг хуарангаас дагуулан гарч, тэд уулын бэлд зогслоо. 18Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа. 19Дараа нь бүрээн дуу улам улмаар чангарахад Мосе ярьж, Бурхан аянга мэт дуугаар түүнд хариулав. 20ЭЗЭН Синаи уулан дээр, уулын орой дээр залран буусан. ЭЗЭН Мосег уулын орой уруу дуудсанд Мосе очив. 21ЭЗЭН Мосед
—Бууж очоод, ард түмэнд хатуу анхааруул. Тэд ЭЗЭНийг үзэх гэж дайрч, олноороо үхэх вий. 22ЭЗЭНд ойртон ирэх тахилч нар бас өөрсдийгөө ариусгаг. Эс тэгвэл ЭЗЭН тэдний эсрэг дайрна гэв. 23Мосе ЭЗЭНд
—Ард түмэн Синаи ууланд гарч чадахгүй. Учир нь Та “Уулыг тойруулан хүрээ татаж, уулыг ариусга” гэж анхааруулсан билээ гэв. 24Тэгэхэд ЭЗЭН түүнд
—Бууж очоод, Ааронтай хамт гарч ир. Харин тахилч нар ба ард түмэн ЭЗЭНд ойртохоор бүү дайраг. Эс тэгвэл Тэр тэдэн уруу дайрна гэв. 25Тиймээс Мосе ард түмэн уруу бууж, тэдэнд хэлэв.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy