YouVersion Logo
Search Icon

СУРГААЛТ ҮГС 21

21
1Хааны зүрх ЭЗЭНий мутарт атгаастай байгаа усны урсгал мэт юм.
Тэр хүссэн цагтаа урсгалыг өөрчилдөг.
2Хүн бүрийн зам өөрийнх нь нүдэнд зөв харагддаг,
Харин ЭЗЭН хүмүүний зүрхийг дэнсэлнэ.
3Шударга хийгээд зөвийг үйлдэх нь ЭЗЭНд өргөлөөс ч илүү таалагддаг.
4Ихэмсэг харц болон бардам зүрх болбоос хар санаатай хүмүүсийн дэнлүү бөгөөд нүгэл ажээ.
5Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө.
Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ.
6Худалч хэлээр эрдэнэсийг олж авах явдал нь
Нүүгээд өнгөрөх үүл ба үхлийн занга мэт буюу.
7Хар санаатнууд шударга үйлдлээс татгалздаг тул
Тэдний хүчирхийлэл өөрсдийг нь үгүй хийнэ.
8Гэмт хүний зам тахир байдаг.
Харин гэмгүй хүний хувьд гэвэл түүний хандлага нь
зөв шулуун.
9Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаас
Дээврийн буланд амьдарсан нь дээр.
10Хар санаатны сэтгэл хорон мууг маш их хүснэ.
Хөрш нь түүний нүднээс энэрлийг олж харахгүй.
11Басамжлагч хүн шийтгэгдэхэд гэнэн нэгэн мэргэн болдог.
Харин мэргэн нэгнийг сургамжлавал тэр мэдлэгийг олж авна.
12Шударга зөв нэгэн нь хар санаатай хүний гэрийг ажигладаг бөгөөд
Хар санаатныг мөхөл уруу авчирна.
13Ядуугийн хашхирахыг эс сонсогч нь
Нэгэн цагт өөрөө хашхирах боловч хариуг эс сонсоно.
14Сэм өгсөн бэлэг уур хилэнг дарна.
Өвөрт нь хийсэн хээл хахууль хилэн хорслыг дарна.
15Зөвийг үйлдэх нь зөв шударга хүнд баяр хөөр бол
Гэм бурууг хийгчдэд энэ нь айдас болдог.
16Ухааны замаас төөрсөн хүн үхэгсдийн цуглаанд байраа эзэлнэ.
17Зугаа цэнгэлд дурлагч хүн ядуурна.
Дарс ба тосонд дурлагч хүн баян болохгүй.
18Хар санаатай хүн зөв шударга нэгний төлөөх золиос бөгөөд
Зальхай хүн цэх шулуун нэгний оронд байх болно.
19Хэрүүлч, уур уцаартай эмэгтэйтэй хамт байснаас цөлд амьдарсан нь дээр.
20Мэргэн хүний гэрт үнэт эрдэнэс ба тос бий.
Харин мунхаг хүн эдгээрийг залгидаг.
21Зөв шударга ба үнэнийг хайдаг хүн нь
Амь, зөв шударга, хүндэтгэлийг олдог.
22Мэргэн хүн хүчтэнүүдийн хот уруу ч дайрч,
Тэдний найдаж байсан бат хэрмийг ч нураана.
23Ам хэлээ захирдаг хүн аюулаас сэтгэлээ хамгаална.
24Ичгүүргүй бардам зангаар үйлдэгч нэгний нэр гэвээс
“Бардам”, “Их зант”, “Басамжлагч” зэрэг нь аж.
25Залхуугийн хүслэн түүнийг үхэлд хүргэнэ.
Учир нь түүний гар ажиллахаас татгалздаг.
26Тэрээр бүхэл өдөржингөө шунахайран хүснэ.
Харин шударга зөв хүн гар таталгүй өгдөг.
27Хар санаатны өргөл нь ч бузар бол
Хорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ!
28Хуурамч гэрч мөхөх болно.
Харин үнэнийг сонсогч хүн мөнхөд ярих болно.
29Хар санаатай хүн догшин дүр эсгэнэ.
Харин шударга шулуун хүн замаа цэх байлгахыг хичээнэ.
30ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.
31Хүлэг морьдыг тулаанд мордоход бэлэн болгосон ч
Ялалт нь ЭЗЭНий гарт байдаг.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy