YouVersion Logo
Search Icon

1 САМУЕЛ 3

3
1Балчир хөвгүүн Самуел Елигийн өмнө ЭЗЭНд үйлчилж байв. Тэр үед ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв. 2Тэр үед Ели өөрийнхөө газарт хэвтэж байхад (Нүд нь муудаж эхэлсэн бөгөөд тэрээр сайн харж чадахгүй болсон байв.) 3мөн Бурханы дэнлүү хараахан унтраагүй үед, Бурханы авдар орших ЭЗЭНий сүмд Самуел хэвтэж байв. 4ЭЗЭН Самуелыг дуудахад
—Би энд байна гэж тэр хэлэв. 5Тэгээд тэр Ели уруу гүйж очин,
—Та намайг дуудсан тул би энд байна гэж өгүүлэв. Харин Ели
—Би дуудаагүй. Буцаж яваад хэвтэгтүн гэсэнд Самуел буцаж яваад хэвтэв. 6ЭЗЭН дахин
—Самуел! гэж дуудав. Тиймээс Самуел босож, Ели уруу очин,
—Та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Ели
—Би дуудаагүй. Хүү минь, буцаад хэвтэгтүн хэмээн өгүүлэв. 7Самуел ЭЗЭНийг хараахан мэддэггүй, ЭЗЭНий үг ч түүнд хараахан илэрхийлэгдээгүй байжээ. 8Ийнхүү ЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин,
—Та намайг дуудсан учир би энд байна хэмээн өгүүлэв. Тэгэхэд балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг Ели ойлгов. 9Ели Самуелд
—Явж, хэвт. Хэрэв Тэр чамайг дуудвал “ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна” хэмээн өгүүлэгтүн гэв. Ингээд Самуел явж, орондоо хэвтэв.
10Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил
—Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел
—Айлдаж хайрла. Боол тань сонсож байна хэмээн өгүүлэв. 11ЭЗЭН Самуелд айлдахдаа
—Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх гэж байна. Түүнийг сонссон бүх хүмүүсийн хоёр чих нь хангинах болно. 12Тэр өдөр Би Елигийн гэрийн талаар Өөрийн өгүүлсэн бүхнийг эхнээс нь дуустал түүний эсрэг гүйцэтгэнэ. 13Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг зэмлээгүй тул өөрийнх нь мэдсэн гэм нүглийн төлөө түүний гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд айлдсан билээ. 14Тиймээс Елигийн гэрийн гэм нүгэл нь өргөл, эсвэл тахилаар хэзээ ч цагаатгагдахгүй гэж Би Елигийн гэрт тангараглав гэв.
15Ийнхүү Самуел өглөө хүртэл унтлаа. Дараа нь ЭЗЭНий өргөөний хаалгыг тэр нээв. Гэвч Самуел энэхүү үзэгдлийг Елид хэлэхээс айж байлаа. 16Дараа нь Ели Самуелыг дуудаж,
—Миний хүү, Самуел аа гэв. Самуел
—Би энд байна гэж хариуллаа. 17Ели
—ЭЗЭН чамд айлдсан үг нь юу вэ? Надаас бүү нуугаач. Чамд айлдсан үгсээс ганцыг нь ч гэсэн чи надаас нуувал, Бурхан чамд тэр үгсийн дагуу болон түүнээс ч илүүгээр хандах болтугай гэв. 18Ийнхүү Самуел юу ч нуулгүй бүгдийг түүнд ярив. Тэгэхэд Ели
—Тэр бол ЭЗЭН мөн. Түүнд таалагдсан бүгдийг Тэр үйлдэх болтугай! гэв.
19Самуелыг ийнхүү өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй. 20Данаас Беершеба хүртэлх бүх Израиль Самуелыг ЭЗЭНий эш үзүүлэгч мөн болохыг мэдэв. 21ЭЗЭН Шилод дахин үзэгдэж, ЭЗЭН Шилод Өөрийн үгээр Өөрийгөө Самуелд илчлэв.

Currently Selected:

1 САМУЕЛ 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy