YouVersion Logo
Search Icon

Лук 1

1
Теофилд
1Бидний дунд биелсэн үйл явдлуудын тухай хүүрнэлийг олон хүн эмхтгэхийг хичээсэн билээ. 2Анхнаас нь нүдээр гэрчлэгчид хийгээд үгийн үйлчлэгч бологсдоос бидэнд уламжилсны адил 3би ч энэ бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд дэс дараалан бичиж өгөх нь зүйтэй юм, эрхэм хүндэт Теофил минь! 4Таны заалгасан зүйлсийг бат үнэн гэдгийг үүгээр та мэдэх болно.
Баптисч Иоханы мэндлэхийг зөгнөв
5Иудейн#1:5 Иудей: Палестины бүх газар нутгийг хэлж байна. хаан Херодын өдрүүдэд Абиагийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэр ч бас Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Елизабет гэдэг байв.#1Шс 24:10 6Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт байлаа. 7Елизабет хүүсэр тул тэд үр хүүхэдгүй, бас тэд хоёул өтөлсөн байв. 8Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ. 9Тахилчийн ёслолын заншлаар шодоход, Эзэний сүмд орж утлага уугиулах үүрэг түүнд ногдсон байна. 10Утлага уугиулах тэр цагт, цугларсан ард олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ. 11Эзэний тэнгэрэлч утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь түүнд үзэгдэв. 12Захариа түүнийг хармагцаа сандарч, айжээ. 13Харин тэнгэрэлч түүнд
—Захариа аа, бүү ай. Чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно. 14Чи баяр жаргалтай болж, түүнийг төрөхөд олуул баярлана. 15Эзэний өмнө тэр агуу болох бөгөөд дарс ч, сархад ч ер амсахгүй, эхийнхээ хэвлийд байхын л тэр Ариун Сүнсээр дүүрсэн байх болно.#Тоо 6:3 16Тэр, Израилийн хөвгүүдээс олныг Эзэн Бурханд нь эргүүлэх болно. 17Бас тэрээр Түүний өмнө Елиагийн сүнс ба хүч дор явж эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, дуулгаваргүйчүүлийг зөвтийн мэргэн ухаанд эргүүлэн, Эзэний төлөө бэлтгэгдсэн ард олныг бэлэн болгох юм гэв.#Мал 4:5–6 18Захариа, тэнгэрэлчид
—Би үүнийг юугаар мэдэх билээ? Би хөгшин хүн, эхнэр маань ч өтөлсөн гэхэд 19тэнгэрэлч хариуд нь түүнд
—Би Бурханы өмнө зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайнмэдээг чамд тунхаглах мөн чамтай ярилцахаар илгээгдсэн юм.#Дан 8:16, 9:21 20Харагтун, цагтаа биелэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээрийг тохиолдох өдрийг хүртэл чи хэлгүй болоод, ярьж чадахгүй гэлээ. 21Хүмүүс Захариаг хүлээн, түүнийг сүмд удсанд гайхацгааж байлаа. 22Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгожээ. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан бөгөөд тийнхүү хэлгүй хэвээр хоцорчээ. 23Тахилчийн алба гүйцэтгэх өдрүүд дуусахад тэр гэртээ харив. 24Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмслэн, таван сарын турш хүний нүдэнд үл өртөж
25Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн намайг таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээж өгсөн нь энэ ажээ гэв.
Есүсийн мэндлэхийг зөгнөв
26Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хот уруу зургадугаар сард Бурхан илгээсэн ажээ. 27Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт Габриел хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв.#Мт 1:18 28Орж ирээд тэнгэрэлч түүнд
—Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв. 29Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар эргэцүүлэв. 30Тэнгэрэлч, түүнд
—Мариа, бүү ай. Чи Бурханы тааллыг олжээ. 31Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно.#Мт 1:21 32Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно.#2См 7:12–13,16; Иса 9:7 33Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд хаанчлалд нь төгсгөл гэж үгүй гэсэнд 34Мариа тэнгэрэлчид
—Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд 35тэнгэрэлч
—Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно. 36Үзэгтүн, чиний садан Елизабет, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй мөн өтөл насандаа хүүхэд олоод, одоо зургаан сартай. 37Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.#Эх 18:14 38Мариа
—Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо.
Мариа Елизабет дээр очив
39Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж, 40Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв. 41Мариагийн мэндийг Елизабет сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдөлжээ. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, 42чанга дуугаар хашхиран
—Ерөөгдсөн нь олон эмэгтэйн дундаас чи билээ. Хэвлий дэх үр чинь ч ерөөгдсөн ажээ. 43Яасан гэж Эзэний минь эх над дээр ирдэг билээ? 44Харагтун, мэндийн дуу чинь чихэнд минь сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв. 45Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй чи ерөөлтэй еэ! хэмээв.
Мариагийн магтаалын дуу
46Мариа#1См 2:1–10
—Сэтгэл минь
Эзэнийг дээдэлнэм,
47Сүнс минь ч
Аврагч Бурхандаа баяслаа.
48Учир нь Тэрээр шивэгчнийхээ
Дарууг олж харсан билээ.#1См 1:11
Харагтун, энэ цагаас хойш намайг
Ерөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно.
49Учир нь Хүчит Нэгэн нь миний төлөө
Агуу үйлсийг хийсэн билээ.
Түүний нэр ариун билээ.
50Өршөөл нь Түүнээс эмээгчдэд
Үеэс үед байх болно.
51Хүчит үйлсийг мутраараа Тэр бүтээж,
Зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг
Тэр тараасан билээ.
52Удирдагчдыг сэнтийнээс нь буулган#Иов 5:11, 12:19
Даруу байгсдыг Тэр өргөмжлөв.
53Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж,
Баячуудыг гар хоосон буцаав.
54Өөрийнхөө зарц Израильд
Өршөөлөө бодож Тэр туслав.
55Бидний эцэг өвгөдөд
Абрахамд болон үр удамд нь
Өнө айлдсанчлан үйлдсэн билээ.#Эх 17:7
56Мариа, Елизабетын хамт гурван сар орчим байгаад, гэртээ буцлаа.
Баптисч Иохан мэндлэв
57Елизабетын төрөх цаг нь болж, хүү төрүүлэв. 58Эзэн түүнд өршөөлөө агуу ихээр үзүүлснийг хөршүүд нь болон садан төрлүүд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа. 59Ингээд найм дахь өдөр нь тэд хүүхдийг хозлохоор#1:59 Тээрхийн арьс танах. ирээд, хүүг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх гэхэд нь#Лев 12:3 60түүний эх
—Үгүй, тэр Иохан гэж дуудуулна гэв. 61Тэд түүнд
—Төрөл садан дотор чинь ийм нэртэй хэн ч байхгүй шүү дээ гээд, 62хүүг хэн гэж нэрлэхийг хүсэж байгааг эцгээс нь дохио зангаагаар асуусанд 63Захариа самбар гуйж дээр нь «Түүний нэр нь Иохан» гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров. 64Тэр даруй түүний ам нээгдэн, хэл нь эвлээд Бурханыг магтан ярьж эхэлжээ. 65Эргэн тойронд нь амьдрагсад бүгд айдаст автаж, Иудейн уулархаг нутаг даяар энэ бүхний тухай яриа болж байлаа. 66Үүнийг сонссон бүхэн зүрхэндээ хадгалж
—Энэ хүүхэд тэгвэл яах бол? гэцгээж байв. Эзэний мутар гарцаагүй түүний хамт байлаа.
Захариагийн дуу
67Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн,
68—Израилийн Бурхан Эзэн
магтагдах болтугай!
Учир нь Тэр бидэн дээр ирж,
Ард түмнийхээ төлөө
Золилтыг гүйцээсэн юм.
69Бидний төлөө авралын эврийг
Зарц Давидынхаа гэрт
Тэр босгов.
70Ариун эш үзүүлэгчдийнхээ амаар
эртнээс нааш
Айлдсанаараа Тэрээр үйлджээ.
71Энэ нь дайснуудаас маань болоод
Биднийг үзэн ядагсдын гараас
аврах аврал бөгөөд
72Өршөөлийг эцэг өвгөдөд минь үзүүлж,
Өөрийн ариун гэрээг
дурсахын тулд юм.
73Бидний эцэг Абрахамд
тангарагласан тангараг нь
тэр гэрээ юм.
74Бид дайснуудын гараас аврагдаж
Айдас түгшүүргүйгээр
75Ариун ба зөвт байдалд
Үүрд Түүний өмнө
үйлчлэхийн тулд болой.
76Хөвүүн, чи Хамгийн Дээд Нэгэний
эш үзүүлэгч гэж дуудагдах нь#Мал 3:1
Чи замыг нь бэлдэхээр
Эзэний өмнө явж,
77Нүглийнх нь уучлалаар
авралын мэдлэгийг
Ард түмэндээ өгөхийн тулд юм.
78Ийн Бурханы маань
нигүүлсэнгүй өршөөлөөр
Дорнын гэгээ дээрээс
бидэнд айлчлан ирэх нь
79Харанхуй хийгээд үхлийн сүүдэрт
суугсдын дээр гийж,#Иса 9:2
Хөлийг маань амар тайвны замд
чиглүүлэхийн тулд юм
гэсэн хэмээв. 80Хүүхэд өсөж, сүнсээр хүчирхэг болсон бөгөөд Израилийн өмнө гарч ирэх өдрөө хүртэл цөлд амьдрав.

Currently Selected:

Лук 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy