YouVersion Logo
Search Icon

Естер 1

1
Ваштийг хатан суудлаас буулгав
1Энэ нь Ахашверошийн өдрүүдэд болов. Ахашверош нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон аймгийг хаанчилж байжээ.#Езр 4:6 2Суса цайзнаа Ахашверош хаан сэнтийдээ залран байсан тэр өдрүүдэд буюу 3хаанчлалынхаа гуравдугаар онд өөрийн бүх ноён болон албат нартаа зориулан найр хийв. Перс, Медийн цэргийн хүчин мөн ихэс дээдэс болон аймгуудынх нь засаг ноёд өмнө нь байсанд 4тэрээр хаанчлалынхаа үлэмж баян чинээлгийг болон өөрийнхөө цог жавхлан, агуу сүр хүчийг олон өдрийн турш, зуун наян хоног харуулав. 5Энэ өдрүүдийг дуусахад хаан Суса цайзад ихэс дээдээс эгэл дордод нь хүртэл бүх хүнд зориулан хааны ордны цэцэрлэгийн хашаанд долоо хоног үргэлжилсэн найр хийв. 6Тэнд нил өнгийн нарийн маалинган уяануудаар мөнгөн гархинууд болон гантиг баганануудтай холбогдсон цагаан болон хөх ягаан өнгийн нарийн маалинган хөшигнүүд байв. Мөн эрээн чулуу, гантиг, тана болон эрдэнийн чулуунуудыг шигтгэн зассан зам дээр алтан, мөнгөн буйдангууд байлаа. 7Зүсэн бүрийн алтан сав суулгаар ууш ундаа түгээсэн бөгөөд хааны өгөөмөр хишгээс усан үзмийн дарс халгиж цалгиж байлаа. 8Уухыг хууль зарлигаар зөвшөөрсөн бөгөөд хязгаарлалт байсангүй. Учир нь хүн бүр тааллаараа байж болно гэж хаан ордныхоо албатуудад тогтоожээ. 9Хатан Вашти мөн хаан Ахашверошийн хааны өргөөнд эмэгтэйчүүдэд зориулан найр хийв.
10Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд хөгжин баясах үеэр хаан Ахашверош өмнөө үйлчилж байсан долоон тайган Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар болон Каркас нарт айлдахдаа, 11хатан Ваштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон засаг ноёдод харуулахын тулд түүнийг хатны титэмтэй нь хааны өмнө авчрахыг тушаав. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ. 12Гэвч хатан Вашти тайгануудын гараар дамжуулсан хааны айлдвар ёсоор ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан цээжинд нь хилэн дүрэлзэв. 13Тэгээд хаан хууль ёсоо мэддэг мэргэн хүмүүстэй ярилцан (Учир нь хууль цааз болоод шударга ёсыг мэддэг бүхний өмнө хааны ёс заншил ийм байв. 14Тэгэхэд Перс болон Медийн долоон ноён, хааны шадрууд Каршена, Шетар, Адмата, Таршиш, Мерес, Марсена болон Мемукан нар түүнд бараа болон хаант улсынхаа дотор дээгүүр залардаг байлаа.)
15Тайгануудаар биечлэн дамжуулсан хаан Ахашверошийн айлдлагын дагуу үйлдээгүй хатан Ваштийг хуулийн дагуу бид хэрхэх ёстой вэ? гэсэнд, 16хаан хийгээд шадар түшмэдийн өмнө Мемукан ийн өгүүлэв.
—Хатан Вашти зөвхөн хааны өмнө ч биш мөн хаан Ахашверошийн бүх аймаг дахь засаг ноёд болон хамаг олны өмнө бурууг үйлдэв. 17Учир нь хатны үйлдэл бусад эмэгтэйчүүдэд хүрэх аваас энэ нь тэднийг “Хаан Ахашверош хатан Ваштийг өөрийн өмнө авчрахыг тушаан айлдахад тэр ирээгүй” гээд нөхрүүддээ хүндэтгэлгүй хандахад хүргэх болно. 18Энэ өдөр хатны үйлдлийг сонссон Перс болон Медийн сурвалжит эмэгтэйчүүд мөн хааны хамаг ноёдтой ийн ярих бөгөөд жигшил зэвүүцэл, уур хилэн ихсэх болно. 19Хэрэв хаан үүнийг таалбал, хаан Ахашверошийн өмнө Вашти цаашид ирэх ёсгүй гэсэн хааны зарлигийг гарган үүнийг хүчингүй болгохгүйн тулд Перс болон Медийн хуульд бичигдэг! Мөн хатан байр суурийг нь түүнээс илүү зохистой өөр бүсгүйд хаан өгөг! 20Тэгээд хааны гаргах цааз жаягийг түүний агуу хаант улс даяар сонсгоход эмэгтэйчүүд бүгд нөхрүүдээ их ч бай, дорд ч бай хүндлэх болно гэв. 21Энэ үг хаан болон ноёд түшмэдийнх нь таалалд нийцэж, Мемуканы хэлснийг хаан ёсоор болгов. 22Тэрээр хааны бүх аймагт, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр, эр хүн бүр гэртээ эзэн байж, төрөлх хэлээрээ ярьдаг байх ёстой гэсэн захидлуудыг илгээв.

Currently Selected:

Естер 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy