YouVersion Logo
Search Icon

Үйлс 21

21
Паул, Иерусалим явав
1Бид тэднээс салж, хөвсөөр шууд Кост ирж, дараа өдөр нь Родод, тэндээсээ Патарт очив. 2Бид Фойник явах усан онгоц олж, суугаад явав. 3Бидэнд Киприйн бараа харагдлаа. Тэр арлыг зүүн талдаа орхин бид Сири уруу хөвсөөр Тирд газардав. Юу гэвэл усан онгоц ачаагаа тэнд буулгах ёстой байлаа. 4Шавь нарыг олж, бид тэнд долоо хоног байлаа. Сүнсээр тэд хэлэхдээ Иерусалимд хөл тавихгүй байхыг Паулд сануулав. 5Хоног маань дуусаж, бид ч явцгаахад тэд бүгд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт хотоос гартал дагацгаав. Тэгээд бид эрэг дээр өвдөг сөгдөн залбирцгаасны дараа 6бие биентэйгээ салах ёс гүйцэтгэн усан онгоцонд суухад тэд ч гэр өөдөө буцлаа.
7Аялал маань өндөрлөж, Тирээс Птолемаид ирж, ах дүү нартай мэнд амраа мэдэлцсэний хойно, тэдний хамт нэг хонов. 8Маргааш нь бид явж, Кайсарид хүрч ирээд мөнөөх долоогийн нэг болох сайнмэдээ тунхаглагч Филипийн гэрт очиж, түүнтэй хамт байлаа.#Үйл 6:5, 8:5 9Тэр хүн эш үзүүлэгч дөрвөн онгон охинтой байв. 10Биднийг тэнд хэд хоног байх үеэр Иудейгээс Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч ирэв.#Үйл 11:28 11Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч хөл гараа хүлээд
—Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаана” гэж айлдаж байна гэв. 12Үүнийг сонсоод бид болон нутгийн хүмүүс Иерусалим уруу явахгүй байхыг түүнээс гуйлаа. 13Харин Паул
—Юунд та нар уйлж зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ. 14Тэр нэгэнт ятгалгад автахгүй тул бид
—Эзэний хүслээр болтугай гээд дуугүй болцгоов.
15Энэ өдрүүдийн дараа бид явахад бэлэн болж, Иерусалим уруу явлаа. 16Бидэнтэй хамт Кайсари хотын дагалдагчдын зарим нь явсан бөгөөд биднийг хуучин дагалдагч Киприйн Мнасоныд буудаллуулахаар хүргэж өгөв.#21:16 биднийг хамт буудаллуулахаар хүргэж өгөв эсвэл бидний буудаллах гэрт тэднийг хамт хүргэв
Паул Иерусалимд Иаковынд ирэв
17Ийнхүү Иерусалимд ирэхэд ах дүү нар биднийг баяртайгаар хүлээн авлаа. 18Дараа өдөр нь Паул бидний хамт Иаковынд очиход бүх ахлагчид ирсэн байв. 19Амар мэндээ мэдэлцээд, харийнхан дунд үйлчлэлээр нь дамжуулан Бурхан юу үйлдсэнийг тэрээр нэг нэгээр нь ярихад, 20тэд үүнийг сонсоод Бурханыг алдаршуулав. Тэгээд түүнд
—Ах минь, иудейчүүдийн дунд итгэсэн хүмүүс хичнээн олон мянга байгаа боловч тэд мөнөөх л хуулийн зүтгэгчид бөгөөд 21тэд таны тухай таныг харийнхан дундах иудейчүүдэд Мосег умартахыг сургаж, хүүхдүүдээ битгий хозлуул мөн ёс заншилаа бүү дага гэж сургаж байна гэж ярьж байсан. 22Тэгэхлээр яах вэ? Мэдээж тэд таны ирснийг заавал сонсоно. 23Тиймээс бидний хэлэх зүйлийг та хийтүгэй. Бидэнд ам өчиг өгсөн дөрвөн эр бий.#Тоо 6:13–21 24Тэднийг аваад тэдний хамт өөрийгөө цэвэршүүл. Тэдний үсээ авахуулах#21:24 18:18 үз. төлбөрийг нь та төл. Тэгвэл бүгд таны тухай сонссон нь ор үндэсгүй зүйл, харин та өөрөө хуулийг сахин, дагадаг гэдгийг мэдэх болно. 25Харин итгэсэн харийнхны тухайд гэвэл тэд шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйл болон садар самуунаас зайлсхийх ёстой гэж бид тогтон тэдэнд бичсэн билээ гэв.#Үйл 15:29 26Ингээд Паул мөнөөх хүмүүсийг авч, маргааш нь тэдний хамт өөрийгөө цэвэршүүлээд, сүмд орж, хэзээ цэвэршилтийн өдрүүд дуусах болон тэгээд хүн тусбүрийн төлөө тахил өргөхөө мэдэгдэв.
Паул сүм дотор баривчлагдав
27Тэгээд бараг долоо хоног өнгөрч байтал Азиас ирсэн иудейчүүд түүнийг сүмд байхыг хараад цугласан бүгдийг үймүүлж, түүнийг барьж аваад
28Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, манай хууль бас энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекүүдийг сүмд оруулж, энэ ариун газрыг бузарласан гэж хашхирав. 29Учир нь тэд урьд нь Ефесийн харьяат Трофимыг түүнтэй хамт хотод байхыг нь хараад Паул түүнийг сүмд авчирсан гэж бодоцгоожээ.#Үйл 20:4 30Хот бүхэлдээ хөдөлж, ард түмэн цуглан Паулыг барьж аваад сүмээс чирч гаргахад тэр даруй хаалганууд хаагдсан байлаа. 31Тэд түүнийг алахыг завдан байх үед Иерусалим хот тэр чигээрээ үймээн самуунд автсан гэсэн мэдээ Ромын ангийн мянгатын даргад хүрэв. 32Тэрээр тэр даруй цэргүүд, зуутын дарга нарыг авч тэдэн дээр гүйн хүрлээ. Хүмүүс мянгатын даргыг болон цэргүүдийг хармагцаа Паулыг жанчихаа болив. 33Мянгатын дарга ирээд Паулыг барьж авч, давхар гинжээр хүлэхийг тушааж, түүний хэн болох мөн юу үйлдсэнийг нь байцаажээ. 34Гэвч хурсан олны дундаас зарим нь нэг зүйлийг, зарим нь ондоог хашхиралдахад чухамдаа юу болсныг үймээнээс олж мэдэж чадаагүй учир тэрээр түүнийг хуаранд аваачихыг тушаалаа. 35Паулыг шатан дээр гарч ирэхэд олны шахцалдааны улмаас цэргүүд түүнийг өргөж явахад хүрэв. 36Учир нь ард олон араас нь дагасаар
—Түүнийг тонилго гэж хашхирч байлаа.
Паулын өчиг
37Паул хуаранд орох гэж байхдаа мянгатын даргад
—Би танд үг хэлж болох уу? гэхэд тэр
—Та грек хэл мэддэг юм уу? 38Тэгвэл та саяхан үймээн дэгдээгээд дөрвөн мянган алан хядагчдыг цөл тийш дагуулан явсан египет хүн биш байх нь ээ? гэв. 39Харин Паул
—Би Киликийн нөлөө бүхий хот Тарсын иргэн иудей хүн. Намайг ард түмэнтэй ярилцахыг зөвшөөрөөч! Би танаас гуйж байна гэжээ. 40Түүнийг зөвшөөрөхөд Паул шатан дээр зогсон гараа өргөхөд цугласан олон чимээгүй болов. Тэгээд тэдэнд Паул еврей хэлээр ингэж хэллээ.

Currently Selected:

Үйлс 21: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy