YouVersion Logo
Search Icon

1Хаад 4

4
Соломоны түшмэд
1Ийнхүү Соломон хаан бүх Израилийг захирах хаан болжээ. 2Түүний түшмэд нь тахилч Задокийн хүү Азариа тахилч, 3Шишагийн хөвгүүд болох Елихореф, Ахиа нар бичээч, Ахилудын хүү Иехошафат хэрэг хөтлөгч, 4Иехоиадагийн хүү Бенаиа цэргийн жанжин, Задок ба Абиатар нар тахилчид, 5Натаны хүү Азариа түшмэдийн ахлагч, Натаны хүү, хааны найз Забуд тахилч, 6Ахишар нь ордны даамал бөгөөд Абдагийн хүү Адонирам нь албадлагын ажлыг тус тус хариуцдаг байлаа.
7Соломон хамаг Израилийг захирах арван хоёр түшмэдийг томилжээ. Тэд хаанд болон түүний гэрийнхэнд ханган нийлүүлдэг ба тусбүр жилийн нэг нэг сард бараагаар хангадаг байлаа. 8Тэдгээрийн нэр нь Ефраим ууланд Бен-хур, 9Маказ, Шаалбимын, Бет-шемеш болон Елон-бет-хананд Бен-декер, 10Арубботод Бен-хесед (Соко болон Хеферийн бүх нутаг түүнийх байсан), 11Дорын бүх өндөрлөгт Бен-абинадаб (Соломоны охин Тафат түүний эхнэр байлаа), 12Таанах, Мегиддо мөн Иезреелийн доод тал дахь Заретаны хажуудах Бет-шеаны бүх нутаг буюу Бет-шеанаас Абел-мехола, Иокмеамд хүрсэн нутагт Ахилудын хүү Баана, 13Рамот-гилеадад Бен-гебер бөгөөд Гилеадад байх Манассегийн хүү Иаирын нүүдлийн тосгод мөн Башанд байх зурвас нутаг, Аргоб буюу хүрэл хөндөлтэй, хана хэрэм бүхий жаран том хот түүнийх байлаа. 14Маханаимыг Иддогийн хүү Ахинадаб, 15Нафталид Ахимааз (тэр бас Соломоны охин Басематтай гэрлэжээ), 16Ашер ба Веалотод Хушаин хүү Баана, 17Иссахарт Паруагийн хүү Иехошафат, 18Бениаминд Елагийн хүү Шимеи, 19аморичуудын хаан Сихон болон Башаны хаан Огийн нутаг болох Гилеадын нутагт Урийн хүү Гебер байв. Иудагийн нутагт ганц захирагч байлаа.
Соломоны хаанчлалын сүр жавхлан
20Иуда болон израильчууд далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж, баярлан цэнгэлдэж байлаа. 21Ефрат мөрнөөс авахуулан Филистийн нутаг хүртэл мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг Соломон захирч, тэдгээр нь Соломоны амьдралын бүх өдрүүдэд түүнд алба гувчуур барин үйлчилдэг байлаа. #Эх 15:18; 2Шс 9:26 22Соломоны нэг өдрийн хүнс нь гучин кор дээд гурил, жаран кор тээрэмдсэн буудай, 23арван бордсон шар, бэлчээрийн хорин үхэр мөн буга, гөрөөс, согоо, таргалуулсан шувуу зэргээс гадна зуун хонь байлаа. 24Соломон, голын наад талд орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний харьяа эргэн тойронд амар амгалан байв. 25Соломоны бүх өдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль амар жимэр амьдарч, хүн бүр өөрийн усан үзэм, инжрийн модон дор суудаг байв. 26Соломон тэрэгний морьдын дөчин мянган жүчээтэй, арван хоёр мянган морьтонтой байв.#1Ха 10:26; 2Шс 1:14, 9:25 27Соломон хааныг болон хааны ширээнд ирэх бүх хүнийг орон нутгийн түшмэд өөр өөрсдийн сардаа юугаар ч дутаахгүйгээр хангадаг байлаа. 28Бас адуу болон тэрэгний морьдод арвай, сүрлийг тус тусын үүргийн дагуу байгаа газартаа нийлүүлж байв.#4:28 хаа хэрэгцээтэй газарт эсвэл Соломоны хаа байгаа газарт
Соломоны мэргэн ухааны суу алдар
29Бурхан Соломонд мэргэн ухаан, үлэмж их хэрсүү чанар ба гүнзгий зүрхний ухаарлыг далайн эргийн элс мэт арвин ихээр өгчээ. 30Соломоны мэргэн ухаан нь дорнын бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ. 31Тэр бүх хүнээс, тухайлбал езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калкол, Дарда нараас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстэн даяар дуурсав.#Дуу 89 (гарчиг) 32Тэрээр гурван мянган сургаалт үг хэлж, нэг мянга таван дуу зохиожээ.#Сур 1:1, 10:1, 25:1; Сд 1:1 33Тэр бас Ливаны хуш модноос эхлээд ханан хэрмэн дээгүүр ургадаг балуун ургамлын тухай ч хүүрнэж мөн ан амьтад, шувууд, хэвлээр явагчид, загасны талаар хүртэл ярьдаг байв. 34Соломоны мэргэн ухааныг сонсохоор үндэстэн бүрээс, мэргэн ухааных нь талаар дуулж мэдсэн газар дэлхийн бүх хаадаас хүмүүс ирдэг байжээ.

Currently Selected:

1Хаад 4: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy