1 ИОХАН 3:11-24
1 ИОХАН 3:11-24 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бид бие биеэ хайрлах ёстой гэдэг нь та нарын эхнээсээ сонссон мэдээ билээ. Каин шиг биш. Тэр бол муу нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан юм. Ямар шалтгаанаас болж тэр түүнийг алав? Яагаад гэвэл өөрийнх нь ажил үйлс бузар муу, дүүгийнх нь ажил үйлс зөвт байсан аж. Ах дүү нар аа, хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх. Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс амь уруу шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхлийн дотор байна. Ах дүүгээ үзэн яддаг нэгэн нь алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ. Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх ёстой. Дэлхийн эд хөрөнгөтэй хэн нэгэн нь өөрийн ах дүүгийн хэрэгцээ, гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ? Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр хайрлацгаая. Үүгээр бид үнэнийх болохоо мэдэж, Түүний өмнө зүрхээ бататгах болно. Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс аугаа бөгөөд бүх юмсыг мэддэг. Хайртууд минь, хэрэв зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж, гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүний мэлмийд тааламжтай зүйлсийг үйлддэг билээ. Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, Түүний бидэнд тушаасан ёсоор бие биеэ хайрлах нь Түүний тушаал юм. Түүний тушаалуудыг сахигч нь Түүний дотор байж, Тэр түүний дотор байна. Бидний дотор Тэр байгааг Түүний бидэнд өгсөн Сүнсээр дамжуулан бид мэддэг.
1 ИОХАН 3:11-24 Ариун Библи 2013 (АБ2013)
Та нарын эхнээсээ сонссон мэдээ бол бид бие биенээ хайрлах ёстой нь билээ. Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм. Ямар шалтгаанаас тэр түүнийг алав? Учир нь өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвт байсан аж. Ах дүү нар аа, ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх. Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна. Ах дүүгээ үзэн яддаг бүхэн алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ. Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. Дэлхийн эд хөрөнгөтэй нь ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ? Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин үйл ажил, үнэнээр хайрлацгаая. Үүгээр бид үнэнийх болохоо мэдэж, Түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно. Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан, бидний зүрхнээс аугаа бөгөөд бүхнийг мэддэг. Хайртууд минь, зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж, гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүнд тааламжтайг үйлддэг билээ. Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, бидэнд тушаасан ёсоор бие биенээ хайрлах нь Түүний тушаал юм. Түүний тушаалуудыг сахигч нь Түүн дотор байж, Тэр ч түүний дотор байна. Бидний дотор Тэр байгааг Түүний бидэнд өгсөн Сүнсээр бид мэддэг.