ШАСТИРЫН ДЭЭД 16:8-36

ШАСТИРЫН ДЭЭД 16:8-36 АБ2004

Өө, ЭЗЭНд талархал өргөн, Түүний нэрийг дуудагтун. Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн. Түүнд дуулж, Түүнд магтаалыг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун. Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг хайж буй хүний зүрх баяр баясгалантай байх болтугай. ЭЗЭНийг болон Түүний хүчийг эрэгтүн. Үргэлж Түүний нүүрийг хайгтун. ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний ер бусын зүйлс болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг дурсан санагтун. Түүний боол Израилийн үр ээ, Түүний сонгосон нэгэн болох Иаковын хөвгүүд ээ! Тэр бол бидний Бурхан ЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна. Түүний гэрээг буюу мянган үеийнхэнд Түүний тушаасан үгийг мөнхөд санагтун. Абрахамтай тогтоосон Түүний гэрээ, Исаакт өгсөн Түүний амлалтыг санагтун. Тэр мөн үүнийгээ Иаковд тогтоол болгон, Израильд мөнхийн гэрээ болгон баталж өгөөд, “Би та нарт Канааны газрыг та нарын өвийн хэсэг болгон өгнө” гэж айлдсан билээ. Тэд тоогоор цөөн, маш цөөхөн бөгөөд тэр газарт харь хүмүүс байсан үед, тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу, нэг хаанчлалаас өөр ард түмэн уруу тэнүүчлэн явах үед нь тэднийг дарлахыг ЭЗЭН хэнд ч зөвшөөрөлгүй, тэдний төлөө хаадыг зэмлэн, “Миний тослогдсон хүмүүст бүү хүрч, Миний эш үзүүлэгчдэд хор хөнөөл бүү учруулагтун” хэмээн айлдсан билээ. Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун. Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун. Түүний яруу алдрын талаар үндэстнүүдийн дунд хэлж, Түүний гайхамшигт үйлсийн талаар бүх ард түмнүүдийн дунд яригтун. Учир нь ЭЗЭН бол агуу бөгөөд агуугаар магтагдах Нэгэн. Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн. Учир нь хүмүүсийн бүх бурхад бол шүтээнүүд юм. Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн билээ. Түүний өмнө сүр жавхлан, яруу алдар бий. Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий. ЭЗЭНд өргөгтүн, ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн. Нэрд нь зохих яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хувцастайгаар ЭЗЭНд мөргөгтүн. Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн. Үнэхээр газар дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй. Тэнгэрүүд баярлан, газар дэлхий баясаг. Тэд үндэстнүүдийн дунд “ЭЗЭН хаанчилдаг” гэж өгүүлэг. Далай болон түүнийг бүрдүүлэгч бүх юмс нүргэлэгтүн. Тал болон тэнд байгаа бүх юмс баярлагтун. Тэгээд ойн модод ЭЗЭНий өмнө баярлан дуулах болно. Учир нь ЭЗЭН дэлхийг шүүхээр ирж байна. ЭЗЭН сайн учир Түүнд талархал өргөгтүн. Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх. Тэгээд “Бидний авралын Бурхан аа, биднийг авраач. Таны ариун нэрэнд талархлыг, Таны магтаал дотор алдрыг өргөхөөр биднийг цуглуулж, үндэстнүүдээс чөлөөлж өгөөч” гэж хэлэгтүн. Израилийн Бурхан ЭЗЭН өнө мөнхөөс үүрд мөнх хүртэл магтагдах болтугай. Дараа нь бүх ард түмэн —Амен хэмээгээд, ЭЗЭНийг магтав.