Тит 3:1-8
Тит 3:1-8 АБ2013
Удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн, хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх талаар даруу байдлыг бүх хүнд харуулахыг тэдэнд сануул. Учир нь бид бас өөрсдөө урьд нь мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зугаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, бие биенээ үзэн ядаж, үзэн ядагдаж байв. Харин бидний Аврагч Бурханы энэрэл болон хүний төлөөх хайр нь ил болоход Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм. Тэрээр Ариун Сүнсийг бидэн дээр Аврагч Есүс Христээр маань дамжуулан арвин асгав. Түүний нигүүлслээр зөвтгөгдсөнөөр бид мөнх амийн найдварын дагуу өвлөгчид болох юм. Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн нь сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Энэ нь сайн бөгөөд хүмүүст тустай.