Ром 6:1-23

Ром 6:1-23 АБ2013

Тэгвэл бид юу гэх вэ? Нигүүлсэл ихэсгэх гээд бид нүгэлдээ байсаар байх уу? Огт үгүй! Нүгэлд үхсэн бид цаашид түүн дотроо яахин амьдрах билээ? Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тиймд бид үхэл уруу баптисм хүртсэнээрээ Түүнтэй хамт оршуулагдсан учраас Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явах юм. Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний амилалтай нь ч адил байдалд холбогдох болно. Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг. Учир нь үхсэн нь нүглээс чөлөөлөгдсөн. Хэрэв бид Христтэй хамт үхсэн бол мөн Түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг. Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй. Учир нь Түүний үхсэн үхлийн хувьд, Тэр нэг удаа нүгэлд үхсэн бөгөөд харин Түүний амьдардаг амьдралын хувьд, Тэр Бурханд амьдардаг. Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаагаа тооц. Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх гэдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог. Биеийнхээ эрхтнүүдийг зүй бусын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө. Учир нь та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй. Тэгвэл яах вэ? Бид хуулийн дор бус, харин нигүүлслийн дор байгаа учраас нүгэл үйлдэх үү? Огт үгүй! Та нар өөрсдийгөө дуулгавартай боол болгон хэн нэгэнд өгөхдөө, үхэлд хүргэх нүгэл ч бай эсвэл зөвт байдалд хүргэх дуулгавар ч бай, дагах нэгнийхээ боол нь болдогоо мэдэхгүй гэж үү? Харин талархал нь Бурханд байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж, нүглээс чөлөөлөгдөн зөвийн боолууд болсон. Та нарын махан бод сул дорой тул би хүний ёсоор хэлье. Та нар өөрсдийн эрхтнүүдийг ёс бус явдалд хүргэх цэвэр бус, ёс бусын боол болгон өргөсөнчлөн одоо өөрсдийн эрхтнүүдээ ариусалд хүргэх зөвт байдлын боол болгож өргө. Учир нь та нар нүглийн боол байхдаа зөвт байдлаас ангид байжээ. Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээсээ ямар үр жимс авсан бэ? Учир нь тэр зүйлсийн төгсгөл бол үхэл билээ. Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нар ариусалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь билээ. Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.