Ром 12:1-16

Ром 12:1-16 АБ2013

Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Надад соёрхогдсон нигүүлслээр би та нарын хүн нэгбүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. Нэг биед олон эрхтэн байдгийн адил мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, бид олуулаа Христэд нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм. Бидэнд өгөгдсөн нигүүлслээр бэлгүүд маань ялгаатай. Эш үзүүллэг нь итгэлийнхээ хэрээр үйлчлэл нь үйлчлэлээр, сургагч нь сургаалаар, ятгагч нь ятгалгаар, өгөгч нь өгөөмрөөр, удирдагч нь хичээнгүй зүтгэлээр, өршөөгч нь баяртайгаар үйлд. Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав. Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл. Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дор шат. Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул, ариун хүмүүсийн хэрэгцээнд хандивла, зочломтгой байхыг эрмэлз. Та нарыг хавчигч нэгнийг ерөө. Ерөө, харин бүү хараа. Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл. Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго.

Ром 12:1-16 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв