Ром 11:13-26

Ром 11:13-26 АБ2013

Гэвч харийнхан та нарт би хэлье. Би харийнхны элчийн хувьд үйлчлэлээ товойлгодог нь яс махныхаа тасархайг атаархуулж заримыг нь ч бол аврах гэснийх. Хэрэв тэдний огоорол нь дэлхийн эвлэрэл бол хүлээн авалт нь үхэгсдээс амилах адил бус уу? Өргөл дээж ариун бол үлдсэн нь бүхэлдээ мөн тийм, үндэс хэрэв ариун бол мөчрүүд ч бас тийм байна. Хэрэв хэсэг мөчир тастагдаад зэрлэг чидун болох та, тэдний дунд залгагдаж, чидун модны үндэсний шимээс хүртэгч болсон бол өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв сайрхмаар бол та үндсийг биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун. Тиймээс та «Намайг модонд залгуулахын тулд тэр мөчрүүд тастагдсан шүү дээ» гэж хэлэх болно. Тийм ээ, тэд итгэлгүйдээ тастагдсан бол та итгэлээрээ зогсож байна. Бүү дээгүүр санаарх харин эмээ. Хэрэв Бурхан төрөлх мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй. Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуурхлыг харагтун. Унагсад дээр хатуурхал байдаг тул Бурханы энэрэлд үлдвээс тан дээр энэрэл оршино. Эс бөгөөс та ч гэсэн тастагдана. Мөн тэд итгэлгүй эс үлдвээс залгагдах болно. Учир нь Бурхан тэднийг дахин залгах чадалтай. Хэрэв та төрөлхийн зэрлэг модноос тастагдаад тэр чанарынхаа эсрэг таримал чидун модонд залгагдсан юм бол, тэр тусмаа төрөлхийнх нь төрөлх модондоо залгагдах биш үү? Ах дүү нар аа! Та нарыг өөрөө өөртөө ухаалаг болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харийнхан дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуурчээ. Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм. «Сионоос Чөлөөлөгч гарч ирнэ. Тэр итгэл сүсэггүйдлийг Иаковаас зайлуулна.