Ром 11:1-10

Ром 11:1-10 АБ2013

Тэгвэл би хэлье. Бурхан Өөрийн ард түмнийг голсон гэж үү? Огт үгүй! Учир нь би бас Абрахамын үр, Бениамин овгийн израиль. Бурхан урьдаас мэдсэн Өөрийн ард түмнийг голоогүй. Та нар Елиагийн тухай Бичвэрт юу хэлдгийг мэддэггүй юм уу? Тэр Израилийн эсрэг, Бурханд мэдүүлэн «Эзэн, тэд Таны эш үзүүлэгчдийг алж, Таны тахилын ширээнүүдийг нураан хаясан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна» гэсэн. Харин Бурханы хариу юу байв? «Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган хүнийг Би Өөртөө үлдээсэн» гэсэн юм. Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа. Хэрэв энэ нь нигүүлслээр юм бол цаашид үйлсээр биш ажээ. Эс тэгвэл нигүүлсэл нь нигүүлсэл биш болно. Тэгвэл юу болох вэ? Израиль эрснээ олж авсангүй. Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ. Энэ нь «Бурхан энэ өдрийг хүртэл Тэдэнд гүн нойрны сүнс, Хардаггүй нүд, сонсдоггүй чих өгсөн» гэж бичигдсэнчлэн ажээ. Давид «Тэдний ширээ нь тэдэнд урхи, тор, бүдрүүлэх саад бас шан хариу болог. Харж чадахгүйн тулд тэдний нүд харанхуйлаг, Нуруу нь үүрд бөгтөр болог» гэжээ.