Илчлэл 20:7-15
Илчлэл 20:7-15 АБ2013
Мянган жил төгсөх үед Сатан шоронгоосоо суллагдан, дэлхийн дөрвөн өнцөгт буй үндэстнүүдийг, Гог болон Магогийг мэхлэн, тэднийг дайнд цуглуулахын тулд гарч ирнэ. Тэдний тоо тэнгисийн эргийн элс мэт аж. Тэд газрын энгээр нэг тарж, ариун хүмүүсийн хуаран, хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг залгив. Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна. Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов. Их, бага үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв. Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэгбүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой. Мөн амийн номд нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галт нуурт хаягдав.