Илчлэл 14:6-11
Илчлэл 14:6-11 АБ2013
Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэрэлч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайнмэдээ түүнд байна. Тэр чанга дуугаар —Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ. Өөр нэгэн тэнгэрэлч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр уналаа, нурлаа гэж байлаа. Өөр нэгэн тэнгэрэлч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар —Хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна, тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна. Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.