Дуулал 89:19-37
Дуулал 89:19-37 АБ2013
Тэр үед Та бишрэлтнүүддээ үзэгдэл дотор айлдаж “Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн. Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн. Өөрийн зарц Давидыг Би олсон. Би түүнийг ариун тосоороо тосолсон. Гар минь түүнтэй хамт байж, Мутар минь ч бас түүнийг хүчтэй болгоно. Дайсан түүнээс нэхэн шаардаж чадахгүй, Хорон муугийн хүү ч түүнийг зовоож чадахгүй. Харин Би түүний өмнө өстнүүдийг нь бяцалж, Түүнийг үзэн ядагчийг бут цохино. Үнэн ба хайр энэрэл минь түүнтэй хамт байж, Миний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө. Би бас гарыг нь далай дээр, Түүний баруун гарыг гол мөрнүүд дээр байлгана. Тэр Над уруу «Та миний Эцэг, Миний Бурхан бөгөөд авралын минь хад» гэж хашхирна. Би мөн түүнийг ууган хүү, Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно. Би хайр энэрэлээ түүний төлөө мөнхөд хадгалж, Гэрээгээ ч түүнд батжуулна. Ингээд Би үр удмыг нь мөнхөд тогтоож, Сэнтийг нь тэнгэрийн өдрүүд мэт болгоно. Хэрэв түүний хөвгүүд хуулийг минь мартаж, Шүүлтийн минь дагуу эс явбаас, Хэрэв тэд тогтоолуудыг минь зөрчиж, Тушаалуудыг минь үл сахих аваас Би тэдний гэмт үйлдлийг саваагаар, Хилэнцийг нь зодуураар шийтгэнэ. Харин Би хайр энэрэлээ Түүнээс бүрмөсөн таслахгүй, Үнэнчээсээ ер няцахгүй. Гэрээгээ Би зөрчихгүй, Уруулаасаа гарсныг өөрчлөхгүй. Ариунаараа Би нэгэнт тангарагласан тул Давидад Би худал эс хэлнэ. Үр удам нь мөнхөд амьдарч, Сэнтий нь Миний өмнөх нар шиг байна. Тэр нь сар лугаа адил мөнхөд тогтоно. Тэнгэр дэх гэрч итгэмжит билээ” гэв. Села