Дуулал 119:105-128

Дуулал 119:105-128 АБ2013

Таны үг миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл. Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно. Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн. Аяа ЭЗЭН, үгийнхээ дагуу намайг сэргээгээч. Аяа ЭЗЭН, амнаас минь гарах сайн дурын өргөлийг хүлээн авч, Тогтоолуудаа надад заагаач. Амь насанд минь аюул нүүрлэсээр байна. Гэсэн ч би хуулийг тань мартдаггүй билээ. Буруу санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан ч Тушаалуудаас тань би гажаагүй. Зүрхнийхээ баясгалан болгохоор Гэрчлэлүүдийг тань би мөнхөд өв болгон авав. Зарлигуудыг тань гүйцэлдүүлэхээр Зүрх юугаа би мөнхөд, эцэс хүртэл зориулсан. Хоёр санаатай хүмүүсийг би үзэн яддаг, Хуульд тань харин хайртай. Та миний хоргодох газар ба миний бамбай Би Таны үгэнд найдан хүлээдэг. Ёрын мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун, Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлнэ. Намайг амьд байлгахын тулд Үгийнхээ дагуу намайг дэмжин тэтгээч. Намайг найдвараас минь болж Ичгүүрт бүү оруулаач. Би аюулгүй байж, Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд Намайг тэтгээч. Зарлигуудаас тань төөрөлдөн одогсдыг Та бүгдийг нь голсон агаад Тэдний ов мэх ч дэмий хоосон билээ. Дэлхийн бүх буруутыг Та хог шавхруу шиг хөсөр хаясан. Тиймээс Таны энэхүү гэрчлэлүүдийг Би хайрласан. Бие махбод минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айнам. Шударга ёс ба үнэн зөвийг би үйлддэг тул Дарлагсдад маань намайг бүү тушаагаач. Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч. Бардамнагчдад намайг бүү дарлуулаач. Нүд минь Таны авралын төлөө хийгээд Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг. Хайр энэрлийнхээ дагуу зарцдаа хандаж, Зарлигуудаа надад заагаач. Зарц тань билээ би. Гэрчлэлүүдийг тань мэддэг байхын тулд Ухаарлыг надад өгөөч. Тэд хуулийг тань зөрчсөн тул ЭЗЭН, Таны ажиллах цаг ирчихээд байна. Иймээс би Таны тушаалуудад Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм. Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.

Дуулал 119:105-128 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв