Дуулал 106:1-14

Дуулал 106:1-14 АБ2013

ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНд талархал өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл үүрдийнх. ЭЗЭНий хүчит үйлсийн тухай Хэн өгүүлж чадах вэ? Түүний бүх магтаалыг Хэн тунхаглаж чадах вэ? Бүхий л цаг үед шударга ёсыг сахигчид, Зөвт байдлыг үйлдэгчид ерөөлтэй. Аяа ЭЗЭН, ард түмэндээ өгсөн таалал дотроо Намайг санаач. Авралтайгаа над дээр айлчлаач. Би Таны сонгогдогсдын сайн сайхныг харж, Таны үндэстний баяр хөөрт баясаж, Өвөөр тань бахархахын тулд юм. Бид ч эцэг өвгөд маань ч нүгэл хийжээ. Бид хуулийг завхруулж, бурууг үйлджээ. Эцэг өвгөд маань Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй. Таны үй олон энэрлийг тэд саналгүй, Харин тэнгисийн, Улаан тэнгисийн дэргэд тэрсэлсэн. Гэлээ ч сүр хүчээ мэдүүлэхийн тулд Тэрээр нэрийнхээ төлөө тэднийг аварсан. Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд Тэр нь хатсан бөгөөд Тэр тэднийг цөл газраар мэт Оёор гүнээр нь дагуулсан. Үзэн ядагчийнх нь гараас Тэр тэднийг аварч, Дайсны гараас зольсон. Өстнүүдийг нь ус бүрхсэн. Нэг нь ч эс үлдсэн. Тэгэхэд тэд үгэнд нь итгэж, Түүнд магтаалыг дуулсан. Гэвч тэд үйлсийг нь үтэр мартав. Зөвлөгөөг нь тэд эс хүлээв. Харин цөлд ихэд шунан тачаадаж, Зэлүүд газарт Бурханыг сорьсон.