Дуулал 10:1-10
Дуулал 10:1-10 АБ2013
ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсном бэ? Бэрх цагт Та яагаад нуугднам бэ? Бардам зангаараа гэм буруутан нь Зовлонт нэгнийг мөшгөдөг. Өөрсдийнх нь сэдсэн башир явуулгад нь Тэднийг унагаач. Гэм буруутан хүсэл тачаалаараа сайрхах агаад Шунахай нэгэн, ЭЗЭНийг хараан үл ойшоодог. Гэм буруутан бардам нүүрлэж, эс хайдаг агаад Түүний бүхий л санаа бодолд “Бурхан байдаггүй”. Түүний зам ямагт бат бэх байж, Таны шийтгэлүүд өндөрт, Тэдний хараанаас гадуур билээ. Бүх дайснуудаа тэр доромжилдог юм. Тэрээр зүрхэндээ “Би огт ганхахгүй, үеэс үед зовлон бэрхшээлтэй би учрахгүй” гэдэг. Тэдний аманд хараал болон ов мэх, дарамтлал дүүрэн Тэдний хэлэнд төвөг садаа, ёс бус нь байдаг. Тэрээр тосгодын нуувчуудад суудаг. Далдхан газруудад тэрээр гэмгүй хүнийг алдаг. Нүд нь, ядуу хүнийг нууцхан хайж байдаг. Арслан нүхэндээ мяраадаг шиг Тэрээр нууц газруудад хэвтдэг Ядарсан нэгнийг барихаар Тэрээр хүлээн хэвтдэг. Тэрээр ядарсан нэгнийг Торондоо оруулж барьдаг. Тэр мяраан атийн хэвтдэг бөгөөд Ядуучууд түүний хүчирхийлэлд унадаг.