Сургаалт үгс 6:1-19
Сургаалт үгс 6:1-19 АБ2013
Хүү минь, хөршийнхөө төлөө батлан даалт гаргаж, Гаднын хүнтэй гар барьсан бол Уруулаасаа гарсанд боогджээ, Амаараа хэлсэнд олзлогджээ, Хүү минь, хөршийнхөө гарт чи нэгэнт орсон тул Өөрийгөө авар, даруй үйлд Яв, өөрийгөө даруу болгож, хөршөөсөө шалж гуй. Нүд чинь нойронд бүү дийлдэг Зовхи чинь зүүрмэглэлд бүү автаг Анчнаас зугтагч гөрөөс мэт Ангуучийн гараас мултрах шувуу мэт өөрийгөө авар. Яв, шоргоолж юу хийдгийг хар, ухаан суу, залхуу минь. Ямар ч ахлагч, харгалзагч, захирагч тэдэнд үгүй атал Зунаар тэжээлээ бэлдэж, Ургацаар хүнсээ цуглуулдаг. Хэдий хүртэл хэвтэх вэ? Нойрноосоо хэзээ сэрэх юм, залхуу минь? Жаахан унтаж, жаахан дугхийгээд, Гараа жаахан хумхисаар хэвтэх зуур чинь Ядуурал дээрээс чинь дээрэмчин мэт, Гачаал зэвсэгт дайчин мэт ирэх вий. Үл бүтэх хийгээд ёс бус хүний хэл ам нь гажиж, Нүд ирмэн, хөлөөрөө дохиж, хуруугаараа заана. Зүрх хорон тэрээр ёрын мууг сэдэж, Зөрчил хэрүүлийг ямагт тараана. Гай гамшиг нь түүн дээр гэнэт ирж, Сэхэхгүйгээр тэр хормын төдийд устгагдана. ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад Тийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долоо билээ. Дээгүүр хардаг нүд, Худал хэлдэг хэл, Гэмгүйн цусыг урсгагч гар, Гэм хортой санааг сэдэгч зүрх, Ёрын мууд яаран гүйгч хөл, Гүжирддэг хуурамч гэрчлэгч болон Ах дүүст зөрчлийг тараагч нар ажээ.