Сургаалт үгс 17:15-28
Сургаалт үгс 17:15-28 АБ2013
Буруутыг зөвтгөгч ч тэр, зөвтийг буруутгагч ч тэр ЭЗЭНд жигшүүртэй. Мунхаг нэгэн ухаангүй атлаа ухааныг худалдан авах уу? Мөнгө гарт нь байлаа гээд тус болох уу? Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах. Ахан дүүс зовлон шаналангийн цагт дэм болохоор төрөх. Хөршийнхөө төлөө батлан дааж Гар баригч нь ухвар мөчид ажээ. Гэмт үйлдлийг таашаагч нь хэрүүлд дурлах Үүдэн босгоо өндөрлөгч нь яс хугалах. Зальт зүрхтэн үл дэвжих Мэхлэгч хэлтэн гай зовлонд унах. Мулгууг төрүүлэгч шаналах. Олиггүйн эцэг эс баярлах. Баяр хөөртэй зүрх болбоос сайн эм. Эмтэрсэн сүнс аваас ясны хувхай өвчин. Шударга замыг хазайлгахаар Буруут нь хахууль өвөртлөх. Ухаарагчийн өмнө мэргэн ухаан Мунхгийн хараанд газрын хязгаар. Мулгуу хүү эцгийн халаглал. Төрүүлсэн эхдээ ч уй гашуу. Зөвт нэгнийг торгох нь ч, Чигч байтал түшмэдийг ташуурдах нь ч зүйд эс нийцюү. Мэдлэгтний үг ховор. Ухаантны сүнс уужим. Дуугүй байваас мунхаг ч мэргэнд тооцогдох. Амаа хамхиваас тэрээр ухаалаг мэт харагдах.