Тооллого 3:1-39
Тооллого 3:1-39 АБ2013
Синаи уулан дээр ЭЗЭН, Мосетэй ярьсан тэр үеийн Аарон болон Мосегийн уг угсаа энэ байна. Аароны хөвгүүдийн нэрс нь ууган хүү Надаб, Абиху, Елеазар, Итамар нар юм. Энэ нь тахилчийн албанд үйлчлэхээр түүгээр томилон тослогдсон тахилч нар болох Аароны хөвгүүдийн нэрс болой. Харин Надаб, Абиху нар Синаин цөлд ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөхдөө ЭЗЭНий өмнө үхсэн билээ. Тэд үр хүүхэдгүй байв. Ингээд Елеазар, Итамар нар эцэг Аароныхаа өмнө тахилчийн албанд үйлчилжээ. ЭЗЭН, Мосетэй ярин — Леви овгийг авчран, тахилч Ааронд үйлчлүүлэхээр тэднийг түүний өмнө байлга. Тэд түүнд болон даяар хотол түмний төлөө уулзалтын майхны өмнө үүрэг гүйцэтгэж, асрын үйлчлэлийг хийнэ. Тэд бас уулзалтын майхны хэрэгсэл бүхнийг хадгалах агаад майхны үйлчлэлд Израилийн хөвгүүдийн өмнөөс үүрэг хүлээнэ. Чи левичүүдийг Аарон болон түүний хөвгүүдэд өгөх ёстой. Тэд Израилийн хөвгүүдийн дундаас түүнд бүрэн өгөгдсөн ажгуу. Чи Аарон ба түүний хөвгүүдийг томилж, тахилчийн албыг сахиул. Харин ойртож очсон гаднын хүнийг алах ёстой гэж айлдав. ЭЗЭН, Мосетэй ярин — Харагтун, Израилийн хөвгүүдийн дунд хэвлийг анх нээгч ууган бүрийн оронд Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг Би авав. Тиймээс левичүүд Минийх байх болно. Учир нь ууган бүхэн Минийх. Египет нутагт Би ууган бүхнийг цохиж устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн ууган бүхнийг Би Өөртөө ариусган зориулсан. Тэд Минийх байх ёстой. Би ЭЗЭН гэж айлдав. Тэгээд Синаин цөлд ЭЗЭН, Мосетэй ярин — Левийн хөвгүүн бүрийг эцгүүдийнх нь бүлээр, ургуудаар нь тоол. Нэг сар ба түүнээс дээш насны эр хүйстэн бүрийг чи тоологтун гэж айлдав. Ингээд өөрт нь тушаасан ёсоор, ЭЗЭНий үгийн дагуу Мосе тэднийг тоолов. Левийн хөвгүүд нь нэрсийнхээ дагуу Гершон, Кохат, Мерари нар юм. Ургуудынхаа дагуу Гершоны хөвгүүдийн нэрс нь Либни, Шимеи. Ургуудынхаа дагуу Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел. Ургуудынхаа дагуу Мерарийн хөвгүүд нь Махли, Муши. Энэ нь эцгүүдийнхээ бүлийн дагуух левичүүдийн ураг байлаа. Гершоноос либничүүдийн ураг, шимеичүүдийн ураг гарчээ. Эдгээр нь гершончуудын ураг болой. Тэднээс тоолуулсан эрчүүд буюу нэг сар ба түүнээс дээш насны тоолуулсан эр хүйстний тоо долоон мянга таван зуу байв. Гершончуудын ураг асрын ард буюу баруун зүгт нь буудаллах ёстой байлаа. Гершончуудын эцгүүдийн бүлийн удирдагч нь Лаелын хүү Елиасаф болой. Уулзалтын майхан дахь Гершоны хөвгүүдийн үүрэгт нь асар ба майхан, түүний бүтээлэг ба уулзалтын майхны үүдний дэлгэц, асар болон тахилын ширээг тойрсон хашааны хөшигнүүд болон хашааны үүдний дэлгэц, эдгээрийн оосрууд ба тэдгээрт холбогдох бүх үйлчлэл багтаж байна. Кохатаас амрамчуудын ураг, изхарчуудын ураг, хебрончуудын ураг, уззиелчүүдийн ураг гарчээ. Энэ нь кохатчуудын ураг болой. Ариун газрын үүргийг гүйцэтгэх, нэг сар ба түүнээс дээш насны эр хүйстний тоо найман мянга зургаан зуу болой. Кохатын хөвгүүдийн ураг асрын өмнө талд буудаллах ёстой. Кохатчуудын ургийн эцгүүдийн бүлийн удирдагч нь Уззиелийн хүү Елизафан болой. Тэдний үүрэгт нь авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээнүүд болон үйлчлэлд хэрэглэдэг ариун газрын сав суулга, дэлгэц болон тэдгээрийн бүх үйлчлэлүүд багтана. Тахилч Аароны хүү Елеазар нь Левийн удирдагчдын тэргүүн нь байх бөгөөд ариун газрын үүрэг гүйцэтгэгчдийг хянана. Мерариас махличуудын ураг, мушичүүдийн ураг гарчээ. Эдгээр нь Мерарийн ургууд болой. Тэдний нэг сар ба түүнээс дээш насны тоолуулсан бүх эр хүйстний тоо зургаан мянга хоёр зуу болой. Мерарийн ургуудын эцгийн бүлийн удирдагч нь Абихаилын хүү Зуриел байв. Тэд асрын хойд талд буудаллах ёстой. Мерарийн хөвгүүдийн хадгалах үүрэгт асрын яс мод, түүний хөндлүүд, багананууд, углуурууд, бүх хэрэгслүүд болон тэдгээрийн үйлчлэл мөн хашааг тойрсон багананууд углууруудынхаа хамт, тэдгээрийн гадас ба оосрууд багтаж байлаа. Израилийн хөвгүүдийн төлөөх үүргийг сахин ариун газрын үүргийг гүйцэтгэх Мосе, Аарон ба түүний хөвгүүд асрын нүүрэн талд, зүүн зүгт буюу уулзалтын майхны урд, зүүн зүгт буудаллах ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой. ЭЗЭНий үгээр Мосе Аарон нарын тоолсон, нэг сар ба түүнээс дээш насны эр хүйстэн буюу ургаараа тоолуулсан левичүүдийн бүх эрчүүд хорин хоёр мянга байлаа.